Олон улсын түнш байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцжээ

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт монголын талын төлөөлөгчдийг ахалж АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 13-18-нд болж буй Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад оролцож байна.

Уулзалтаар Ойрх Дорнодын бүс нутгийн хурцадмал байдлаас үүдэлтэй газрын тос, эрчим хүчний үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн хомсдол, түүний үр дагавар, хүндрэлийг шийдэх шийдлийг онцолж байна. Түүнчлэн хиймэл оюун, их өгөгдөл, кибер эрсдэл, олон улсын төлбөр тооцоо, санхүүгийн аюулгүй байдал, дижитал санхүүгийн шийдэл, тогтвортой өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасралтгүй байдлыг хангах зэрэг улс орнуудад тулгамдаж буй асуудал хэлэлцүүлгийн сэдэвт багтжээ.

Эдгээр уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын нөхцөл байдал, гадаад орчны хүндрэлийг даван туулах хүрээнд Монголбанкнаас боловсруулсан бодлогын шийдэл, оновчтой арга хэрэгслийн тухай мэдээлэх, олон улсын түнш байгууллагын боловсруулсан дэлхийн эдийн засгийн төлөв байдлын судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжийг оновчтой хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлснийг төв банк мэдээлэв.

Олон улсын түнш байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцжээ

Түүнчлэн төв банкнаас дунд хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, хараат бус байдлыг хангах, салбарын реформыг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлт, санхүүгийн салбарын дэд бүтцийг боловсронгуй болгох, корреспондент банкны харилцааг өргөжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлалыг үе шаттай нэвтрүүлэх талаар олон улсын түнш байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцов. Үүнд ОУВС-гийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан газрын удирдлага, Мөнгөний бодлого, хөрөнгийн зах зээл, Хууль эрх зүй хариуцсан газар нэгжүүд, Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, түүнчлэн BNY Mellon, HSBC, JPMorgan зэрэг  байгууллагын төлөөлөл багтжээ. Эдгээр байгууллагаас Монгол Улсыг Ойрх Дорнодын хурцадмал нөхцөл байдлаас үүсэх хүндрэл, түүнийг даван туулах нөөц бололцоо, бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж нь бусад ижил төстэй улс оронтой харьцуулахад өндөр байгааг онцоллоо.

Түүнчлэн цаашид нөхцөл байдал хүндрэх тохиолдолд бодлогын оновчтой шийдвэрийг шуурхай гаргах, төв банкнаас төсвийн шинж чанартай арга хэмжээг хязгаарлаж, халамж, хөнгөлөлтийг улсын хэмжээнд бус зөвхөн нийгмийн хэрэгцээт бүлэгт хандуулахыг зөвлөж, энэ хүрээнд дэмжих боломжтойгоо мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн