Жуулчны тээвэр болон цементийн нийлүүлэлтийг бодлогоор дэмжинэ

Зам, тээврийн яамнаас олон улсын геополитикийн нөхцөл байдал, эдийн засаг хүндэрч буй энэ үед нийслэл болон авто тээврийн байгууллагад аялал жуулчлал, тээвэрлэлтийн зохицуулалт, үнийн тогтвортой байдлыг хангах чиглэл өглөө.  

Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх хүрээнд 2026 онд гадаадын 34 орны иргэнийг визгүй зорчуулах болсон. Иймд жуулчны тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлагыг хөнгөвчилж, “Tourist” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчуулах нөхцөл бүрдүүлэхээр болжээ. Статистик мэдээллээр, манай улсад ирэх жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж, 2025 онд 850 мянгад хүрсэн нь ковидоос өмнөх үеийнхээс 44 хувиар өссөн байна.

Түүнчлэн нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэл байгаа тул цементийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг таслахгүй, үнийн огцом өсөлтөөс сэргийлэх зохицуулалт хийж эхэлжээ. Тухайлбал цемент тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн тэнхлэгийн ачааллыг 11 тонноос хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцуулах шаардлага тавьж байна. Мөн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжиж, ийм төрлийн тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхөөр болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн