Монгол Улсад тогоруу, ус намгархаг газрын судалгаа, хамгааллыг хөгжүүлэх, байгаль хамгааллын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан олон жилийн хувь нэмрийг нь үнэлж Олон улсын Тогоруу хамгаалах сангийн (International Crane Foundation) үүсгэн байгуулагч, байгаль хамгаалагч доктор Жорж Арчибалдыг “Найрамдал” медалиар шагнасныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр гардууллаа.

“Найрамдал” медаль нь Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнадаг төрийн дээд шагнал бөгөөд энэ удаад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яамны саналаар 3 талаас тодорхойлон, олгож байгааг Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр онцлов. 

Доктор Жорж Арчибалдын Монгол Улстай хамтран ажилласан түүх 1992 оноос эхэлжээ. Нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжиж байсан тухайн үед тэрбээр Монголын биологич, академич А.Болд, доктор Н.Цэвээнмядаг нарыг АНУ-ын Висконсин мужийн Барабу хот дахь Олон улсын тогоруу хамгаалах санд урьж, тогоруу, ус намгархаг газрын судалгаа, хамгааллын олон улсын туршлагатай танилцуулсан нь энэ чиглэлийн хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан байна. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Дагуурын дархан цаазат газрыг байгуулж, улмаар Монгол, Орос, Хятад гурван улсын хил дамнасан Дагуурын олон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын ажиллагаа бүрэлдэн хөгжсөн нь Зүүн хойд Азийн нүүдлийн шувууд, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой ажил болжээ.

Сүүлийн жилүүдэд Олон улсын тогоруу хамгаалах сан нь Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвтэй хамтран Хэнтий аймгийн Хурх, Хүйтний хөндийд цэн тогоруу, ус намгархаг газрын урт хугацааны судалгаа, мониторинг, хамгааллын ажлыг тууштай хэрэгжүүлж байгаа юм. 

Судалгааны үр дүн, хамгааллын олон жилийн хүчин чармайлт нь тус нутгийн байгаль хамгааллын үнэ цэнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, 200,000 гаруй га талбай бүхий Хурх-Хүйтэний байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авахад чухал хувь нэмэр оруулж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн