Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Цаашид хамтын ажиллагаагаа асархуйн эдийн засаг, нийгмийн хамгаалал, ахмад настны идэвхтэй насжилт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд өргөжүүлэхээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүн амын насжилт нэмэгдэж, ахмад настны тоо өсөхийн зэрэгцээ төрөлт буурч байгааг онцлов. Үүнтэй холбоотой хүн амын өсөлтийг дэмжих, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, урт хугацааны асаргаа сувилгаа, халамжийн үйлчилгээний хүртээмж, хэрэгцээг хүн ам зүйн хэтийн төлөвтэй уялдуулах эрх зүйн шинэчлэлийг Засгийн газар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд асархуйн эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах, нөхцөл байдлын үнэлгээ, судалгаа хийх, үйлчилгээний шинэ загвар турших, үйлчилгээний чанар, стандарт, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох санал дэвшүүлэв. Мөн мэргэжлийн асаргааны ажилтан бэлтгэх, цалингүй асаргааны хөдөлмөрийг бодлого, төлөвлөлтөд тусгах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын сайн туршлагыг нутагшуулах, ахмад настны нийгмийн хамгаалал болон идэвхтэй насжилтыг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх санал гаргав. Мөн тус хөтөлбөрийн дэлхийн болон Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлсэн сайн туршлагыг Монголд нутагшуулах боломжийн талаар санал солилцлоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан дэд дарга Биата Транкман Монгол Улсад төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагаа онцлон дурдаж, дэвшүүлсэн ажил хэрэгч саналыг судлан үзэж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв.