ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 16 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Форт-Хүүд цэргийн баазад 13 хүний ​​амийг хөнөөсөн армийн хошууч асан Нидал Малик Хасанд оноосон цаазын ялыг гүйцэтгэх ажиллагааг шууд дамжуулах төлөвлөгөөг цуцалжээ. ​​Бүгд найрамдах намынхан, шашны тэргүүнүүд, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсны дараа тэрбээр пүрэв гарагт Пентагоны тэргүүн Пит Хегсетийн уг шийдвэрийг өөрчилж, ийм шийдвэр гаргасан байна.

Д.Трамп нийгмийн сүлжээнд бичихдээ, цаазаар авах ажиллагааг шууд дамжуулах нь Хасан шиг террорист, гэмт этгээдүүдэд Америк хэрхэн хариуцлага тооцдогийг дэлхий нийтэд харуулснаар маш том сануулах хүчин зүйл болох байлаа. Гэхдээ сайн санаат олон хүн түүний амиа алдаж буйг шууд дамжуулалтаар эсвэл өөр ямар нэгэн дүрс бичлэгээр үзэхийг хүсэхгүй биз ээ” гэж бичжээ.

Пентагоны мэдээлснээр, Н.Хасанд оноосон цаазын ялыг 12 дугаар сарын 3-нд Техас муж улс дахь Форт-Хүүд цэргийн баазад буудан хороох аргаар гүйцэтгэнэ. Д.Трампын хэлснээр, түүний үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн ойрын төрөл төрөгсөд хүсвэл цаазын ялыг гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцож болох ажээ.

Энэ сарын эхээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет цаазын ялыг олон нийтэд нээлттэй гүйцэтгэнэ гэж мэдэгджээ. Уг ажиллагааг шууд дамжуулахаар төлөвлөж байгааг Пентагон мөн баталсан байна. Энэхүү шийдвэр нь Бүгд найрамдах болон Ардчилсан намынхны, шашны тэргүүнүүд, мөн олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Цаазын ялыг гүйцэтгэж буй дүрс бичлэгийг хэт давруу үзлийг түгээн дэлгэрүүлэх, хүмүүсийг ийм үзэлд татан оруулах зорилгоор ашиглаж болзошгүйг олон хүн анхааруулсан байна.

Нидал Малик Хасан нь АНУ-ын армид хошууч цолтой, сэтгэцийн эмчээр ажиллаж байжээ. Тэрбээр 2009 оны 11 дүгээр сарын 5-нд Форт-Хүүд цэргийн баазын эмнэлгийн байранд алба хаахаар томилогдохын өмнө вакцин хийлгэх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар дугаарлан зогсож байсан цэргийн алба хаагчид руу “Аллах акбар” хэмээн орилж, лазер онилууртай гар буугаар гал нээсэн байна. Түүнчлэн автомашины зогсоол руу зугтаж байсан цэргүүдийн араас бууджээ.

2013 онд болсон цэргийн шүүх хурлын үеэр Хасан цэргүүдийг Афганистан руу илгээж, нэг шашинтай мусульман ахан дүүсийг нь хөнөөхөд саад хийхийг хүссэн гэж мэдэгдсэн боловч шүүгч түүнд энэ тайлбарыг өөрийгөө өмгөөлөх үндэслэл болгон ашиглахыг хориглосон байна.

Хууль сахиулах байгууллагын ажилтнууд Хасаны нуруу руу буудсан тул түүний биеийн бүсэлхийнээс дооших хэсэг саажиж, тэргэнцэртэй явдаг болжээ.

АНУ-ын зэвсэгт хүчин Дэлхийн II дайнаас хойш цэргийн алба хаагчид оноосон цаазын ялыг буудан хороох аргаар гүйцэтгээгүй байна. Тус улсын зэвсэгт хүчинд хамгийн сүүлд 1961 оны дөрөвдүгээр сарын 13-нд цаазын ялыг гүйцэтгэж, байлдагч Жон Беннеттийг дүүжлэн хороожээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх