ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч, элчин сайд Яан Браату аравдугаар сарын 7-нд Улаанбаатарт сэтгүүлчдийн сургалт нээжээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг урьснаар ирсэн төлөөлөгчид «Хэвлэл мэдээллийн боловсрол ба ёс зүйтэй сэтгүүл зүй» сэдвээр Гадаад харилцааны яаманд цугласан.

Сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын 70 гаруй төлөөлөл, их сургуулийн багш, судлаачид оролцсон. Сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг, хэвлэл мэдээллийн боловсрол, эрх чөлөөний олон улсын зарчим, үндэсний хууль тогтоомж, Монголын практикт ёс зүйн зарчмыг хэрэгжүүлэх асуудлаар илтгэл тавьж, асуултад хариулсан.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нээж хэлэхдээ хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ардчилсан тогтолцооны суурь үнэт зүйл гэж үздэгийг тэмдэглэв. Хэвлэл мэдээллийн хөгжил, хараат бус байдал, хариуцлага, ёс зүйг дэмжих нь нийтлэг зорилго гэв. Технологийн дэвшлээр мэдээллийн цар хүрээ, хүртээмж өргөжиж, нийгмийн сүлжээ мэдээлэл авах, түгээх боломж нээж байгааг дурдсан. Салбарын хөгжлийг гадаад харилцаа, дипломат ажиллагаагаар дэмжихийг эрмэлздэгээ онцолсон.

ЕАБХАБ-ын төлөөлөгч Яан Браату Монгол Улс гишүүний үүргээ биелүүлж, нээлттэй хамтран ажиллах санал тавьж, эх орондоо урьсанд талархал илэрхийлэв. Сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултад хариулах болсондоо таатай байгаагаа хэлсэн.

Тэрбээр мэдээ сурвалжилга, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, мэргэжлийн стандартыг бэхжүүлэх хүчин чармайлтыг сайшаав. Сэтгүүлчид аюулгүй, хараат бус, зүй бус хөндлөнгийн нөлөөлөлгүй ажиллах боломжтой байх ёстойг онцолсон. Ёс зүйтэй сэтгүүл зүйд үнэн зөв, төвийг сахисан, шударга мэдээлэл, хүний нэр төрийг хүндэтгэх, эх сурвалжаа хамгаалах, нийтэлсэн зүйлдээ хариуцлага хүлээх багтана гэж дурдсан. Баталгаатай баримт, шийдэгдээгүй асуудлыг ялгах, мэдээллийг хэрхэн олсноо тайлбарлах, алдаа гарвал засварыг ил тод хийх нь чухал гэв.

ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчийн газар гишүүн орнуудад хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах, дэмжих ажил эрхэлдэг. Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүнээр 2013 онд элссэн.

Хэлэлцэх 0