МЕХИКО, 2026 оны долоодугаар сарын 6 /RIA Novosti/. 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) 1/8 шигшээгийн тоглолтод Английн шигшээ баг Мексикийн багийг хожлоо.
Мексикийн Мехико хотод болсон тус тоглолтод зочин баг талбайн эздийг 3:2-ын харьцаагаар хожжээ. Английн шигшээ багаас Жуд Беллингем (36, 38 дахь минут) хоёр гоол оруулсан бол Харри Кейн (60 дахь минут, торгуулийн цохилт) нэг гоол нэмж хийсэн байна. Харин хожигдсон багаас Хулиан Киньонес (42), Рауль Хименес (69, торгуулийн цохилт) нар гоолджээ.
Тоглолтын 54 дэх минутад Английн шигшээ багийн хамгаалагч Жаррел Куанса бүдүүлэг алдаа гаргасны улмаас талбайгаас хөөгдсөн байна.
Английн хаалгач Жордан Пикфорд ДАШТ-д 17 дахь тоглолтдоо оролцож, үндэсний шигшээ багийнхаа рекордыг давтлаа. Тэрбээр одоо энэхүү үзүүлэлтээр хаалгач Питер Шилтоны хамт тэргүүн байрыг эзэлж байна.
Хөл бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд гурав дахь удаагаа дараалан шалгарч буй Английн шигшээ баг долоодугаар сарын 11-нд Майами хотноо Норвегийн багтай тоглоно.