Хөл бөмбөгийн ДАШТ-1990

Тавдугаар сар 21, 2026
Хөл бөмбөгийн ДАШТ-1990

Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.

Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна. 

Хөл бөмбөгийн ДАШТ-1990

Хөл бөмбөгийн ДАШТ-1990Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 14 дахь удаагийн тэмцээн (ДАШТ) 1990 оны зургаадугаар сарын 8-наас долоодугаар сарын 8-ны өдрүүдэд Италийн 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. 

Энэ удаагийн ДАШТ 1986 оны тэмцээний адилаар:

        -24 багийг 6 хэсэгт хувааж эхний 2 багийг

       -хэсэгтээ 3-р байр эзэлсэн багуудыг жагсааж  өндөр оноо авсан 4 багийн хамт нийт 16 багийг хасагдах шатны  тоглолтод  шалгаруулсан билээ. 

Яг дөрвөн жилийн өмнөх түүх давтагдаж ХБНГУ, Аргентины багууд  аваргын төлөөх тоглолтод учраа таарсан байдаг. Даагаа нэхэх тоглолтод Франц Беккенбауэр дасгалжуулагчтай ХБНГУ-ын баг 85 дахь минутад ХБНГУ-ын хөл бөмбөгчин Андреас Бремегийн 11 метрийн торгуулийн цохилтоос хийсэн гоолын ачаар Аргентины багийг 1:0-ээр буулган авч “Алтан дагина” цомыг 3 дахь удаагаа хүртсэн юм. Энэ учраа аваргын төлөөх тоглолтод ганц гоол орсон анхны тохиолдол байлаа. 

1990 оны ДАШТ-ий сонирхолтой баримтуудаас толилуулбал:

  • Бразилын баг маш хүчирхэг бүрэлдэхүүнтэй байсан (Дунга, Бебето, Ромарио болон Таффарел ид гялалзаж байв) хэдий ч дасгалжуулагч Себастьян Лазаронигийн буруу бодлогын улмаас амжилт муутай тоглосон.
  • Коста-Рика, Ирланд болон Арабын Нэгдсэн Эмирт Улсын (АНЭУ) багууд анх удаа хөл бөмбөгийн ДАШТ-д оролцсон.
  • Энэ ДАШТ-д шуугиан тарьсан баг бол яах аргагүй Роже Мила ахлагчтай Камеруны баг байсан юм. 1/8-ийн шигшээ тоглолтод Роже Мила хоёр гоол хийж багаа дараагийн шатанд гаргасан ба 1/4-ийн шигшээд Камеруны баг Английн багийг 2:1-ийн харьцаатай хожиж байсан боловч тоглолт дуусахаас долоохон минутын өмнө нэг гоол алдан нэмэлт цагт хожигдож байв.
  • 1988 оны хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний алт болон мөнгөн медалийн эзэд болох Нидерланд, ЗХУ-ын багууд хүсэн хүлээсэн тоглолтоо гаргахгүй байсаар тэмцээнийг өндөрлүүлжээ.
  • Аргентины шигшээ баг аваргын цомыг дараалан хүртэж чадаагүй ч  хаалгач Серхио Гойкочеа хөгжөөн дэмжигчдийг алга ташихаас аргагүй байдалд оруулсан тоглолтоороо ДАШТ-ийг мялаасан юм. Тэрбээр 6 тоглолтод 3-хан гоол алдсан ба хүчирхэг бразилчуудтай хийсэн тоглолтод ганц ч гоол алдаагүйн дээр шөвгийн 8, хагас шигшээд Югослав, Италийн багуудтай хийсэн тоглолтуудын хувь заяа 11 метрийн цохилтоор шийдэгдэхэд багаа ялалтад хүргэж байв.

1990 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий мэргэн буучаар 6 гоол хийсэн Италийн хөл бөмбөгчин Сальваторе Скиллачи шалгарсан юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн