Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.
Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна.
Хөл бөмбөгийн ДАШТ-1978
Аргентин улс 1938 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ийг зохион байгуулах эрхийн төлөө Франц улстай өрсөлдөн ялагдсанаас яг 40 жилийн дараа буюу 1978 оны зургаадугаар сарын 1-25-ны өдрүүдэд тус улс энэхүү нэр хүндтэй тэмцээнийг амжилттай зохион явуулсан юм.
1978 оны ДАШТ-ий тоглолтууд нийслэл Буэнос-Айрес хотын “Эстадио Монументаль”, “Хосе Амальфитани”, Кордова хотын “Эстадио Шато Каррерас”, Мар-дель-Плата хотын “Эстадио Хосе Мария Минелья”, Мендосагийн “Сьюдад де Мендоса”, Росариогийн “Хиганте де Арройито” цэнгэлдэх хүрээлэнгүүдэд явагджээ.
Тус тэмцээн өмнөх жишгээр дэлхийн аварга ХБНГУ-ын баг, эзэн орон Аргентины шигшээ шууд оролцсон бол үлдсэн 14 эрхийн төлөө
- Европ тив (УЕФА): 9,5 эрх, үүнээс ХБНГУ (дэлхийн аварга 1974) шууд орсон, үлдсэн 8,5 эрхийн төлөө 31 орон өрсөлдөж 0,5 эрх авсан баг Өмнөд Америк (КОНМЕБОЛ)-ийн 0,5 эрх авсан багтай нэмэлт тоглолт хийж байж шигшээ тоглолтод оролцно.
- Өмнөд Америк (КОНМЕБОЛ): 3,5 эрх, 1 эрх эзэн орон Аргентин, үлдсэн 2,5 эрхийн төлөө 9 баг өрсөлдөж, 0,5 эрх авсан баг нь Европ тив (УЕФА)-ийн адил эрх авсан багтай тоглож байж бүрэн эрхтэй болно.
- Хойд ба Төв Америк ба Карибийн тэнгисийн орнууд (КОНКАКАФ) 1 эрхийн төлөө 17 орны баг хүч үзсэн.
- Африк (КАФ): 1 эрхийн төлөө 26 баг өрсөлдсөн.
- Ази (АФК) болон Далайн орнууд (ОФК): 1 эрх, 22 улсын баг өрсөлдсөн.
Энэ удаагийн ДАШТ-ий тоглолтыг өмнөх дэлхийн аваргын тэмцээний адилаар хэсгийн тоглолтыг хоёр шаттайгаар явуулсан билээ. Эхний шатанд 16 багийг 4 хэсэгт хувааж, хэсэг бүрт 1, 2-р байр эзэлсэн багуудыг дахин хоёр хэсэг болгоод 2-р шатны хэсгүүдээс
- 1-ээр гарсан багууд нь аваргын төлөө
- 2-оор гарсан багууд нь 3-р байрын төлөө өрсөлдсөн билээ.
Аваргын төлөөх тоглолтод талбайн эзэн Аргентины баг Голландын багийг 3:1-ээр буулган авснаар эртний мөрөөдлөө биелүүлж “АЛТАН ДАГИНА” цомыг анх удаа гардсан юм.
Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний онцлох үйл явдлууд гэвэл:
- 1970 оны ДАШТ-нээс эхлэн “Адидас Телстар” бөмбөгөөр тоглож байсан бол энэ удаагийн ДАШТ-ний албан ёсны бөмбөгөөр “Адидас Танго”-г сонгосон юм.
- ДАШТ 1978-ийг талбайн бүх хэсэгт гайхамшигтай тоглолт үзүүлсэн Аргентины хөл бөмбөгчин Марио Кемпесийнх байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг.
- Мөн Франц-Унгарын тоглолт эхлэх болоход хоёр багийнхан адилхан өнгийн өмсгөлтэй байсан ба Францын баг «Атлетико Кимбейра» гэсэн өмсгөл олж өмсөх хүртэл тоглолтыг эхлүүлээгүй байдаг.
- Энэ удаагийн ДАШТ-нд үндсэн ба нэмэлт цагт багуудын оноо тэнцсэн нөхцөлд 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахаар шийдвэрлэсэн боловч 3-р байрын мөн аваргын төлөөх тоглолтуудад энэ заалтыг ашиглах шаардлага гараагүй юм.
1978 оны ДАШТ-ий мэргэн буучаар дээр дурдсан Аргентины хөл бөмбөгчин Марио Кемпес 7 бөмбөг хийсэн амжилтаар шалгарчээ.