Монголын үндэсний бөхийн холбоо “Тотал моторс” компанитай гурван жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Энэхүү санамж бичигт МҮБХ-ны менежер С.Гантөр, “Тотал моторс” компанийн гүйцэтгэх захирал О.Энх-Эрдэнэ гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний их баяр наадмын тавын даваанд тунаж барилдан давсан бөхөд болон Монгол бахархлын өдөр, Сар шинийн баярт зориулсан барилдааны түрүү бөхийг “Ямаха Крюкс Рев” маркийн мотоциклоор байлахаар болов.
Уг мотоцикл нь олон улсын чанар, аюулгүй байдлын стандартыг хангасан, бартаат болон засмал замд найдвартай ажиллагаатай, шатахуун бага зарцуулдаг, эдэлгээ даах чадвар өндөртэй бөгөөд хөдөө орон нутгийн хэрэглээнд бүрэн нийцсэн унаа аж.
“Тотал Моторс” компанийн хувьд дэлхийд нэр хүндтэй “Ямаха Мотор”-ын Монгол дахь албан ёсны дистрибьютерээр 15 жил ажиллаж байгаа. Монгол ахуй, малчин түмний амьдралын нэгэн чухал хэрэглээ болсон “Ямаха Крюкс Рев” нь Монголын үндэсний бөхийн уламжлал, өв соёлыг дэмжих үйлсэд нэгдлээ.