Боловсролын сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан болон холбогдох албаныхан “Нийслэлийн боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх” цогц ажлын хүрээнд төлөвлөж буй ажлуудтай газар дээр нь танилцах зорилгоор дүүргүүдэд ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 178 сургуульд 342 мянга, хувийн өмчийн 154 сургуульд 70 мянга, нийт 332 сургуульд 412394 сурагч суралцаж байгаа юм. Ерөнхий боловсролын сургуульд 3000-аас дээш сурагчтай, ачаалал өндөртэй 38 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Мөн анги дүүргэлт нь 46-аас дээш сурагчтай 77 сургуулийн 1089 бүлэг байна. Үүнийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор 46-аас дээш суралцагчтай ангийг задлах, хамран сургах тойргийг шинэчлэх, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулах, хосолсон сургалтаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Боловсролын яамнаас энэ салбарт зургаан багц шинэчлэл хийнэ. Энэ хүрээнд нийслэл нягт уялдан ажиллах юм. Энэ хүрээнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн. Нэгд, 3000-аас дээш хүүхэдтэй сургуулиудын ачааллыг бууруулж бүтцийн өөрчлөлт хийнэ. Хоёрт, 46-аас дээш хүүхэдтэй ангиудын ачааллыг бууруулан 35-аас дотогш оруулах ажлуудыг зохион байгуулна. Ингэхдээ хотхонд нь бага сургуулийн барилгыг түрээслэх, хувийн хэвшлийн сургуулийг авах, цэцэрлэгийн зориулалттай зарим барилгыг авч ашиглах ажлыг зохион байгуулна” хэмээн ярилаа.
2026-2027 оны хичээлийн жилд дүүрэг бүрд нэг ахлах сургуулийг байгуулах аж. Үүнийг байгуулахдаа байгалийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр түлхүү төрөлжүүлэх юм байна. Ингэснээр төрөлжсөн ахлах сургуулиудыг төгсөгчдийн тоо нэмэгдэнэ гэж үзжээ.