М.Аббас “ФАТХ” хөдөлгөөний удирдагчаар улиран сонгогджээ

РАМАЛЛА, 2026 оны тавдугаар сарын 16 /Xinhua/. Палестины үндэсний чөлөөлөх “ФАТХ” хөдөлгөөний VIII ерөнхий бага хурлаас Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасыг тус хөдөлгөөний удирдагчаар дахин сонгожээ. 

Хуралд оролцогчид М.Аббасыг хөдөлгөөний дарга болон ерөнхий командлагчаар санал нэгтэйгээр сонгож, Палестины түүхэн дэх “эмзэг үе”-д түүний удирдлагад итгэл хүлээлгэж буйгаа баталлаа. Өнөөгийн ээдрээтэй, хүнд цаг үед хөдөлгөөний тэргүүний хувиар гүйцэтгэх М.Аббасын үүрэг чухал болохыг хамтарсан мэдэгдэлд онцолсон байна. 

Палестины ФАТХ хөдөлгөөн сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа шинэ удирдлагуудаа сонгох сонгууль явуулж байгаа нь энэ юм. Энэхүү их хурал нь тус хөдөлгөөний цаашдын удирдлагыг тодорхойлоход чухал үйл явдал юм. 

ФАТХ нь Палестиныг чөлөөлөх байгууллагын хамгийн том фракц бөгөөд Палестины үндэсний засаг захиргааны гол тулгуур суурь хэвээр байна. Гэвч тус хөдөлгөөн нь дотоод хагарал, авлигын хэрэгт холбогдсон гэх хардлага, мөн Палестины улс байгуулах үйл явц урагшлахгүй байгаа зэргээс шалтгаалан улам бүр шүүмжлэлд өртөх болжээ. 

2006 оны сонгуулийн дараа хожим нь Газын зурваст хяналтаа тогтоосон “ХАМАС” хөдөлгөөний нөлөө улам өссөнөөр ФАТХ-ын байр суурь ихээхэн суларсан байна. Үүнтэй холбогдуулан улс төрийн шинжээчид энэ удаагийн их хурал Палестины үндэсний хөдөлгөөний түүхэн дэх хамгийн ээдрээтэй, хүнд хэцүү цаг үед Газын зурвас дахь дайн, Баруун эргийн хурцадмал байдал, ФАТХ, ХАМАС хоорондын улс төрийн хагарал зэрэг томоохон хямралууд үргэлжилж буй үед болж байгааг онцолжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн