БЭЭЖИН, 2026 оны тавдугаар сарын 15 /Xinhua/. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар баасан гарагт Бээжин хотноо албан бус уулзалт хийлээ.
Энэхүү уулзалт Ши Жиньпин пүрэв гарагт буюу өчигдөр Д.Трамп албан ёсны яриа хэлэлцээ хийсний дараа болсон байна. Ши Жиньпин Трампын айлчлалыг “түүхэн, чухал үйл явдал” хэмээн онцлоод, хоёр тал Хятад-Америкийн стратегийн тогтвортой, үр бүтээлтэй харилцааг цогцлоохын тулд шинэ алсын харааг тодорхойлсон гэж мэдэгджээ.
“Бид эдийн засаг, худалдааны харилцааг тогтвортой байлгах, олон салбар дахь бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, бие биенийхээ анхаарал татсан асуудлуудыг зохистой шийдвэрлэх тал дээр чухал нийтлэг ойлголцолд хүрсэн” гэж Ши Жиньпин хэллээ.
Тэрбээр мөн хоёр тал олон улсын болон бүс нутгийн асуудлаарх харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэхээр тохиролцсоныг дурдав.
Ши Жиньпиний хэлснээр, энэхүү айлчлал нь харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, итгэлцлийг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байна. “Хятад, Америкийн талууд харилцан бие биенээ хүндэтгэх зарчимд тулгуурлан харилцааны зөв замыг олж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл төдийгүй дэлхийн нийтийн хүлээлт мөн гэдгийг энэ айлчлал дахин харуулж байна” гэж Ши Жиньпин нэмж хэлжээ.
“Ерөнхийлөгч Трамп Америкийг дахин агуу болгохыг эрмэлзэж байгаа бол би Хятадын ард түмнийг үндэсний сэргэн мандалт руу хөтлөхөд бүхнээ зориулж байна” хэмээн Ши Жиньпин хэлээд, хоёр улс хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр өөрсдийн хөгжил, сэргэн мандалтыг ахиулах боломжтой гэж онцолсон байна.
Хятад ба АНУ чухал нийтлэг ойлголтуудаа хэрэгжүүлж, амаргүй олдсон нааштай эрч хүчээ хамгаалж, зөв чиглэлийг баримталж, саад бэрхшээлээс зайлсхийж, хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлэх ёстой гэж Ши Жиньпин хэллээ.