Монголын хөрөнгийн бирж I, II ангилалд бүртгэлтэй компаниудад зориулсан олон улсын индексийн шалгуур болон хөрөнгө оруулагчидтай харилцах сургалтыг есдүгээр сарын 24-нд зохион байгууллаа. Сургалтад 14 компанийн төлөөлөл оролцжээ.
Сургалтын зорилго нь компаниудын олон улсын хөрөнгө оруулагчдад танигдах боломжийг нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдал, зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаа болон оролцогч талуудтай харилцах ойлголтыг сайжруулахад чиглэсэн байна.
МХБ-ийн мэргэжилтнүүд FTSE Frontier Index Series-ийн шалгуур, зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаа, хувьцаат компаниудын үүргийн хэрэгжилт болон Open.mse.mn системийн хэрэглээг танилцуулжээ.
Мөн хөрөнгө оруулагч, оролцогч талуудтай харилцах арга, байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлтүүд хөрөнгө оруулалтын шийдвэрт хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгсөн байна. Компанийн нүүрстөрөгчийн ул мөрийг үнэлэх, бууруулах болон нүүрстөрөгчийн кредитийн арилжааны сэдвийг сургалтаар хөнджээ.
Монголын хөрөнгийн биржийн мэдээлснээр, уг сургалт нь бүртгэлтэй компаниудын засаглал, тайлагнал, хөрөнгө оруулагчтай харилцах чадавхыг сайжруулж, арилжааны идэвх болон хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
