Монгол Улс Рамсарын газрын хамгааллыг бэхжүүлэхэд бодит ахиц гаргаж байгаад талархал илэрхийлэв

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц (Рамсарын конвенц)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга др. Мусонда Мумбаг наймдугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд сайд Ц.Сандаг-Очир СОР17 хуралд ихээхэн ач холбогдол өгч Монгол Улсад айлчилж буй хатагтай Мусонда Мумбад талархал илэрхийлж, дэлхий нийт цөлжилт, газрын доройтол, ган, усны хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан хамааралтай сорилтуудтай нүүр тулж байгааг тодотгож, ус, намгархаг газрын асуудлыг зөвхөн байгаль хамгааллын асуудал гэж үзэх боломжгүй болсон талаар дурдав. 

Мөн Монгол Улсын хувьд ус, намгархаг газар нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн үр нөлөөтэй байгальд суурилсан шийдлийн нэг учир цөлжилттэй тэмцэх бодлогын салшгүй хэсэг байх ёстойг онцоллоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган, хуурайшилт нэмэгдэж байгаа энэ цаг үед усны нөөц болон намгархаг, хүлэрт намгархаг газрын хамгаалал нь байгаль орчны төдийгүй эдийн засгийн тогтвортой хөгжлийн асуудал, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх асуудал болж байна. Тиймээс COP17 хурлыг даргалагч орны хувьд Монгол Улс нь Рамсарын конвенц болон UNCCD-ийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжтой гэж үзэж байгаагаа сайд Ц.Сандаг-Очир тодотголоо.

Түүнчлэн монголчууд эртнээс усыг “чандмань эрдэнэ” хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн. Энэ ч утгаараа уламжлал, орчин цагийн шинжлэх ухаан, бодлогын шийдлийг хослуулан усны нөөцөө хамгаалах, нөхөн сэргээхэд ашиглахыг зорьж байгаагаа дурдлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга др. Мусонда Мумба Монгол Улсыг Рамсарын газрын хамгааллыг бэхжүүлэхэд бодит ахиц гаргаж байгаад талархал илэрхийлж, ус, намгархаг газрын хамгааллыг өргөжүүлэхэд бүхий л талаараа дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс нь 1998 оны дөрөвдүгээр сарын 8-нд Намгархаг газрын тухай конвенцын гэрээ байгуулагч тал болсон. Одоогоор нийт 1,439,530 га талбайг хамарсан Олон улсын ач холбогдолтой 11 Рамсарын намгархаг газартай. Эдгээр газар нь Монголын олон янзын намгархаг газрын экосистемийг төлөөлж, биологийн олон янз байдал, усны нөөц, тэдгээрээс хамааралтай иргэдийн амьжиргааг хамгаалахад хувь нэмэр оруулдаг юм.

Монгол Улс Рамсарын газрын хамгааллыг бэхжүүлэхэд бодит ахиц гаргаж байгаад талархал илэрхийлэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн