Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүргийн COEX худалдааны төвд энэ сарын 4-7-нд болж байна.
Үзэсгэлэнд Монгол Улсаас ССАЖЗЯ, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (MTO), Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо хамтран монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, аяллын чиглэлүүдийг танилцуулж байна. Үзэсгэлэнгийн үеэр MTO болон MOKTA холбоод БНСУ-ын аялал жуулчлалын байгууллагуудын холбоо болон Солонгосын Аялал Жуулчлалын Агентлагуудын Холбоо (KATA)-той хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Талууд хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийн асуудлуудаар хамтран ажиллах, Монгол Улсад аялал жуулчлалын форум болон B2B уулзалтууд зохион байгуулах чиглэлээр санал солилцов.
Мөн KATA холбооноос Монголын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудын солилцоог дэмжих, тур оператор компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, БНСУ-д танилцах аялал (FAM Tour) болон бизнес уулзалтууд зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийлснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлэв.

