Монгол Улсын байгаль, соёлын өвийг хамгаалах, дэлхий дахинд сурталчлахад үүрэг гүйцэтгэсэн Франц иргэдийг шагнав

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн цагаан сарын баярын шинийн найман буюу 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол Парис дахь ЭСЯ-нд боллоо.

Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг, байгаль хамгаалах, олон талт хамтын ажиллагааны салбарыг дэмжиж, Монгол-Францын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн “Найрамдал” медалиар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан Одри Азулей, Францын “Тахь” ТББ-ын ажилтан Камий Фавиэр, Себастиан Картон де Граммон, Флориан Друар нарыг шагнажээ.

Шагналыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү гардуулав. Шагнал гардуулах үеэр тэрбээр дипломат харилцааны 60 жилийн түүхэн ойг өнгөрсөн онд тэмдэглэснийг онцлоод Монгол-Францын найрамдалт харилцаа, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэв. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлаар 8 жил ажилласан хатагтай Одри Азулейд хандан ажиллах хугацаандаа Монгол Улсын байгаль, соёлын өвийг хамгаалах, дэлхий дахинд сурталчлах, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэснийг талархан тэмдэглэв. Мөн байгаль хамгааллын чиглэлээр тахийг монгол эх нутагт нь сэргээн нутагшуулах, Монгол-Францын байгаль хамгааллын гүүр болсон “Тахь” төрийн бус байгууллагын эрдэмтэн, мэргэжилтнүүдэд гүн талархлаа илэрхийлэв. Түүнчлэн 2025 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ зун Монгол Улс Үндэсний их баяр наадмын үеэр анх удаа олон улсын хэмжээнд тэмдэглэх болсон талаар дурдсаныг Парис дахь Монгол Улсын ЭСЯ мэдээлэв.

Мөн энэ үеэр Франц улсад үндэсний урлаг, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй МУСТА, хөгжимчин Б.Базаррагчаа, ЭСЯ-ны Аж ахуйн эрхлэгч, жолооч Ц.Оймандах нарыг “Алтан гадас” одонгоор, Франц дахь Монгол шагайн харвааны салбар холбооны тэргүүн А.Баярхүүг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр “Уруулын будаг” хамтлагийн дуучин С.Ганчимэг, морин хуурч Д.Мандахжаргал нарыг шагнасан юм.

Монгол Улсын байгаль, соёлын өвийг хамгаалах, дэлхий дахинд сурталчлахад үүрэг гүйцэтгэсэн Франц иргэдийг шагнав

Монгол Улсын байгаль, соёлын өвийг хамгаалах, дэлхий дахинд сурталчлахад үүрэг гүйцэтгэсэн Франц иргэдийг шагнав

Монгол Улсын байгаль, соёлын өвийг хамгаалах, дэлхий дахинд сурталчлахад үүрэг гүйцэтгэсэн Франц иргэдийг шагнав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн