Монголчуудын байгаль хамгаалах уламжлал

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн байгальтайгаа хүйн холбоотой амьдарч ирсэн. Монголчуудын өдөр тутмын амьдрал, аж ахуй, ёс заншил нь байгальтай салшгүй холбоотой байсан бөгөөд энэ нь нүүдлийн соёл иргэншлийн үндэс болсон юм.

Нүүдлийн мал аж ахуй нь бэлчээр нутаг, уул ус, цаг уур, улирлын онцлогт зохицон амьдрах зарчимд тулгуурладаг. Мал сүргээ өсгөн үржүүлж, амьжиргаагаа тогтвортой авч явахын тулд байгалийн тэнцвэрийг хадгалах шаардлагатай байсан учраас монголчууд байгальтайгаа зохицон амьдрах өвөрмөц соёл, уламжлалыг бий болгожээ.

Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт арга ухаан, эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлгээ, нүүдлийн соёл нь байгалийг гэмтээхгүй, хохироохгүй, ашиг шимийг хүртэхэд чиглэж байв. Үүнийг байгалийг эзэмших бус, түүнтэй зохицон амьдрах ухаан хэмээн товч тодорхойлж болно.

Түүхэн сурвалж, аман уламжлалд тэмдэглэснээр монголчууд ус, булаг шанд, гол мөрнийг мөн адил амьтай, эзэн савдагтай хэмээн үзэж, тусгай тахилга, зан үйлийг үйлдэж иржээ. Ус бол амьдралын эх, оршихуйн үндэс учраас түүний эхийг бохирдуулах, урсгалыг нь таслах, хайр гамгүй ашиглахыг хатуу цээрлэдэг байв. Иймээс булаг шандын эхийг ариун цэвэртэй байлгах, усанд муу үг хэлэхгүй байх, усны дэргэд дураараа авирлахгүй байх зэрэг ёс заншил нь монголчуудын дунд ёс суртахууны хэм хэмжээ болон тогтжээ.

Монголчууд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахтай холбоотой олон зан үйл, хорио цээрийг чанд сахиж ирсэн. Эдгээр уламжлалаас товчхон дурдахад, уул овоог тахиж дээдэлж, ургамал ногоог таслахгүй, ан гөрөө хийхдээ өмнө нь байгаль дэлхийдээ хандсан зан үйл үйлддэг, сүргийн хамгийн хөгшин амьтныг сонгон агнаж, байгалийн нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлөхөөс зайлсхийдэг байв.

Нүүдэллэхдээ гэрийн буурь дээрээ ямар ч хог хаягдал үлдээдэггүй, нутаг орноо цэвэр цэмцгэрээр нь орхидог уламжлал нь өнөөдрийг хүртэл хадгалагдан иржээ.

Монголчуудын байгаль хамгаалах уламжлал

Доктор, профессор Н.Уртнасан бол ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн даргаар 11 жил ажилласан. 1997 оноос хойш Монголын соёл, байгалийн өвийг дэлхийн хэмжээнд үнэлүүлж, Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх үйл хэрэгтэй амьдралаа холбон ажиллаж яваа хүн.

Тэрбээр, Монголчуудын нийгмийн амьдрал үндсэндээ хоёр төрлийн хуулиар зохицуулагдаж ирсэн. Нэг нь бичигдсэн хууль, нөгөө нь бичигдээгүй хууль юм. Бичигдээгүй хууль нь монголчуудын үеэс үед уламжлан ирсэн ёс заншил, зан үйл, үнэт зүйлс бөгөөд байгаль хамгаалах уламжлалт мэдлэгийн суурь болсон байдаг. Энэ хууль цаасан дээр бичигдээгүй ч хүмүүсийн ухамсар, хүмүүжилд шингэж, амьдралын хэв маягаар дамжин өвлөгдсөөр ирсэн. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэд өнөөдөр ч энэ уламжлалыг дагаж мөрдөж байна. Бичигдмэл хуулийн хувьд, дэлхийн түүхэнд байгаль хамгаалах үзэл санааг хууль цаазын хэмжээнд анхлан тусгасан баримтын нэг нь Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын Үндсэн хууль “Их засаг” хууль хэмээн үздэг. “Их засаг” хуульд гол мөрөн, булаг шандыг хамгаалах талаар тодорхой заалт тусгасан байдаг. Тухайлбал, гол усанд бохир зүйл хийх, сүү дусаах, хог новш хаях, бие засахыг хатуу хоригложээ. Мөн уул ус тахин шүтэж, байгаль дэлхийтэйгээ зөв харьцахыг сургаж байсан байна. Эдгээр хуулийг зөрчсөн тохиолдолд малаар, тэр дундаа адуугаар торгох шийтгэл ногдуулдаг байв. Нүүдэлчин монголчуудын амьдралд адуу их үнэтэй хөрөнгө байсан учир мортор торгуулах нь тухайн айлд сэтгэл зүй, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг хатуу шийтгэлд тооцогдож байжээ. Мөн нүүдэллэхдээ нутаг бэлчээрээ зөв сонгон ашиглах, байгалийн тэнцвэрийг алдагдуулахгүй байх талаар ч хуульчлан зохицуулсан нь монголчуудын байгаль хамгаалах уламжлал эртнээс төрийн бодлогын түвшинд хэрэгжиж байсныг илтгэдэг хэмээн хэлж байна.

Эндээс Чингис хаан болон түүний залгамжлагчид нь байгаль дэлхийтэйгээ зохицон орших үзлийг төрийн бодлогын хэмжээнд авч үздэг, өвөг дээдсийнхээ эх орон, газар нутгаа хамгаалах үзлийг дагаж мөрддөг байсан нь харагддаг.

Уул, овоо тахих уламжлал бол монголчуудын байгаль хамгаалах арга ухааны бас нэгэн том илрэл болж уламжлагдаж ирсэн. Бичгийн сурвалжид тэмдэглэснээр өнөөгөөс 1000 гаруй жилийн өмнөөс монголчууд Бурхан Халдун ууланд шүтээн босгон тахиж байжээ. Монголчуудын шүтээн болсон энэхүү уулыг “Өглөө бүр мялаасугай, өдөр бүр өчсүгэй, үүнийг ургийн ураг минь ухан мэдтүгэй!” хэмээн чингис хаан зарлиг буулгаж гэрээсэлжээ.

Их эзэн Чингис хааны үзэл санаанд тулгуурласан уул, овоо тахих төрийн ёс XVIII зуунаас албан ёсны хэлбэрт шилжсэн байна. Тодруулбал, 1778 оноос Богдхан уулыг дэлхийн анхны дархан цаазат уул болгож тахиж эхэлсэн бол, 1779 оноос Хан Хэнтий, 1818 оноос Отгонтэнгэр хайрханыг төрийн зарлигаар тахиж уул тахих уламжлалыг төрийн бодлогын түвшинд баталгаажуулсан байна.

Өнөөдөр Монгол Улсад төрийн тахилгатай 14 уул хайрхан, 1 нуур байдаг бөгөөд тодорхой давтамжтай тайх ёслолыг үйлддэг. Эдгээр уулс нь байгалийн өөр өөрийн онцлогтой, усны эх, ой мод, ховор ан амьтан, олон төрлийн эмийн ургамал, экосистемийн чухал бүсийг хадгалдаг.

Судлаачдын тогтоосноор Монгол орон даяар ард иргэдийн дунд тахиж, тайлж ирсэн 1600 орчим уул бий хэмээдэг. Энэ нь монголчууд байгаль орчин, уул усандаа хэрхэн хариуцлагатай хандаж ирснийг тодорхой харуулна.

Уул овоо тахих зан үйл нь цаг үеэ даган хөгжиж ирсэн. Энэхүү зан үйлээр дамжин байгаль хамгаалах уламжлал, үзэл санаа орчин цагт ч түгэн дэлгэрч байна. Байгаль хамгаалахтай холбоотой уламжлалт мэдлэг, арга ухаан эх дэлхийтэйгээ зөв харьцах хандлага, байгалиа хайрлан хамгаалах ухамсар төрийн болон үндэсний үзэл санааны томоохон өв болж ийнхүү үргэлжилж байна.

 Тодруулга:

“Уул ус тахих Монгол уламжлал, зан үйл” өвийг 2017 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн юм.

Монголчуудын байгаль хамгаалах уламжлал

Монголчуудын байгаль хамгаалах уламжлал

Монголчуудын байгаль хамгаалах уламжлал

Монголчуудын байгаль хамгаалах уламжлал

Монголчуудын байгаль хамгаалах уламжлал

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн