Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болсон шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны ерөнхийлөгч Аркадий Дворкович, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар нар өсвөрийн шатарчдын дэлхийн цом болон ДАШТ-ийг манай улсад зохион байгуулах талаар албан ёсны тохиролцоонд хүрчээ.
Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа 2027 оны өсвөрийн шатарчдын Дэлхийн Цом болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг (U8, U10, U12) эх орондоо зохион байгуулах эрхийг албан ёсоор авлаа. Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ны шинэчилсэн форматын дагуу зохион байгуулах энэхүү тэмцээнд дэлхийн хамгийн шилдэг 300 орчим шатарчин Улаанбаатар хотод цугларна. Нийт 100 гаруй орны тамирчин, дасгалжуулагч, эцэг эхийн төлөөлөл зэрэг 1000 гаруй зочин ирэх урьдчилсан тооцоо гаргасан аж.
ДАШТ, дэлхийн цом Монголд болсноор манай өсвөрийн шатарчид эх орондоо өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцох боломж нээгдэж байгаа бөгөөд шатарчдын ур чадвар дээшлэхээс эхлээд олон талын ач холбогдолтой юм.