Олон улсын жүдо бөхийн холбооноос өсвөрийн жүдочдод дэлхийн чансааны оноо олгох Азийн цомын нээлттэй цуврал тэмцээнийг Узбекистаны Ташкент, Казахстаны Алматы хотод зохион байгууллаа.
Ташкентад болсон тэмцээнд 11 орны 660 тамирчин зодоглосон бөгөөд манай улсаас зургаан тамирчин барилджээ. Тэднээс хөвгүүдийн 81 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр “В” хэсгийг тэргүүлэн барилдахдаа Узбекистан, Тажикистаны бөхийг ялсан ч хэсгийн аваргын төлөөр эзэн орны өөр нэг бөхөд ялагджээ. Улмаар дагах барилдаанд мөн л Узбекистаны бөхийг ялсан бол хүрлийн төлөөр Киргизийн тамирчныг буулган авснаар хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа Ташкентад мандуулсан байна.
Тэгвэл Казахстаны Алматы хотод болж буй цувралын өсвөрийн барилдаан өчигдөр болов. Өсвөрийн ангиллын хөвгүүдийн 81 кг-ын жинд Б.Тэмүүлэн, +90 кг-д Р.Омар нар хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа мандуулав.
11 орны 480 гаруй тамирчин зодоглож буй энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй зургаан жүдоч хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлагад хүч өрсөлдөж байгаа юм. Тус тэмцээний залуучуудын ангиллын барилдаан өнөөдөр, маргааш болно.

