Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 9 //. Аугаа эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулсны 81 жилийн ойд зориулсан албан ёсны үйл ажиллагаа Улаанбаатар хотноо үргэлжилж, төгсгөлд нь Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн Баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.
Ёслолд төр, засгийн байгууллагын төлөөлөл, дипломат корпусын гишүүд, ахмад дайчид болон иргэд оролцож, дэлхийн II дайнд амь үрэгдсэн баатарлаг дайчдын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэв. Үйл ажиллагааны үеэр оролцогчид маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, дайнд ялалт байгуулсан үеийн түүхэн гавьяаг дурсан хүндэтгэл илэрхийллээ.
Энэхүү ёслол нь Монгол, Оросын ард түмний түүхэн харилцаа, хамтын ялалтын үнэ цэнийг сануулсан чухал үйл ажиллагааны нэг болж болсон талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.


