Л.Энх-Амгалан: Судалгааны үндэслэлтэйгээр гэрийн даалгаврыг “10 минутын дүрэм”-д нийцүүлнэ

2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар Боловсролын яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026-2028 онд хэрэгжүүлэх бодлогоо танилцуулсан юм. Тэрбээр ярихдаа “2026 онд 33 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулна. Алслагдсан бүс нутгийн малчин өрхийн хүүхэд бүрд хувилбарт сургалтын үйлчилгээг хүргэнэ. 2-5 насны нийт хүүхдийн 98 хувь сургуулийн өмнөх боловсролд хамруулна” гэлээ. Түүний мэдээллээс онцлох ишлэлүүдийг хүргэе.

-Багшийн дутагдал арилж, ажлын ачаалал 30 хувиар буурна.

-Хүүхдийн танин мэдэхүй, бие бялдар, сэтгэл хөдлөлийн хөгжлийн түвшинд ахиц гарч, хоцрогдолыг бууруулна.

-Ногоон, эрүүл, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг цэцэрлэгийн шаардлага хангасан цэцэрлэгүүдтэй болно.

-Бүх хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна.

-Нэгдүгээр ангийн эхний дөрвөн долоо хоногт сурагч шинэ орчинд аажмаар дасан зохицох, өөртөө итгэлтэйгээр суралцахад нь дэмжлэг үзүүлэх харилцан уялдаатай цогц үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлнэ.

-Судалгааны үндэслэлтэйгээр гэрийн даалгаврыг 10 минутын дүрэмд тохируулах буюу хүүхдийн гэрийн даалгаврын ачааллыг бууруулна.

-Даалгаврыг өдөр бүр биш 14 хоногт нэг, эсвэл сард нэг удаа шалгах тогтолцоог хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна.

-Мэргэжлийн болон техникийн боловсролд суралцагчдын тоог 40 хувь нэмэгдүүлэх зорилт тавих, жишиг хөтөлбөрийн 80 хувийг ажил мэргэжлийн стандартад нийцүүлж, ногоон ур чадвар олгоход онцгойлон анхаарна.

-Есдүгээр сарын 1-нээс гэрийн даалгаврыг сошиал сүлжээгээр өгөхгүй. Хүүхэд утас болон сошиал орчинд донтох эрсдэлтэй тул гэрийн даалгаврын мэдээллийг сургуулийн системээр дамжуулж эцэг, эхчүүдэд өгнө.

-6 настай сурагчдыг шууд ширээний ард суулгаж үсэг заах бус тоглонгоо сурах шинэчлэл есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

-2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчдад сэтгэл зүрхний боловсролын хичээл оруулна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн