ЛОС-АНЖЕЛЕС, 2026 оны наймдугаар сарын 13 /Kazinform/. NBA-гийн франчайзыг эзэмшилдээ авснаасаа хойш жил хүрэхгүй хугацааны дараа Марк Волтер “Лос-Анжелес Лэйкерс” багийн хувьцааны хяналтын багцыг хөрөнгө оруулагч Жошуа Кушнер, Боб Айгер нарт худалджээ.
Хувьцааг банкаар дамжуулан худалдсан бөгөөд Лэйкерсийн үнэлгээ 12.5 тэрбум ам.долларт хүрснийг мэдээлэл бүхий хүн хэлсэн байна. М.Уолтер тус багийг 2025 оны 10 дугаар сард 10 тэрбум ам.доллароор авчээ.
Кушнер, Айгер нар “дэлхийн хамгийн алдартай спортын франчайзуудын нэг болох Лос-Анжелес Лэйкерсийн эзэмшигч болох боломжийг олгосон явдалд гүнээ талархаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Кушнер бол хөрөнгө оруулалтын “Thrive Capital” компанийг үүсгэн байгуулагч бөгөөд энэ оны эхээр Айгер тус компанийн хувьцаа эзэмшигч болсон юм. Өдгөө 75 настай Айгер хоёр удаа нийтдээ 20 орчим жилийн турш зугаа цэнгээний бизнест тэргүүлэгч Дисней компанийг удирдсаны эцэст 2026 онд гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буусан юм.
Өдгөө 66 настай Волтер “TWG Global”-аараа дамжуулан спортын болон санхүүгийн хөрөнгө оруулалтыг удирддаг. Тэрбээр Мэйжор лигийн бейсболын “Лос-Анжелес Дожерс”, Английн Премьер лигийн “Челси” клуб болон WNBA-ийн “Лос-Анжелес Спаркс” багуудын хувьцааг эзэмшдэг ажээ.