БРЮССЕЛЬ, 2026 оны есдүгээр сарын 18 /Kazinform/. Европын Холбооны хэмжээнд хүүхдийн цахим аюулгүй байдлыг сайжруулах зорилготой “EU KIDS Act” (ЕХ-ны Хүүхдийн цахим аюулгүй байдлын тухай хууль) хуулийн төслийг Европын Комисс баталжээ. 

Энэхүү санаачилгад нийгмийн сүлжээг ашиглах насны хязгаарыг хатуу тогтоох, хүүхдэд аюулгүй үйлчилгээ нэвтрүүлэх шинэ үүргийг нийгмийн сүлжээний платформуудад хүлээлгэх, мөн хэрэгжилтийг хянах илүү хүчтэй механизмыг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг тусгасан байна.

Олон нийтийн сүлжээ хэрэглэх насыг хязгаарлах тухайд 13-аас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно. 13-15 насны хүүхдүүд зөвхөн эцэг эх, асран хамгаалагч нь удирдах “хязгаарлагдмал хаяг”-аар нэвтрэх бөгөөд ийм хаягууд нь нийгмийн сүлжээнд харилцах хүрээг, түүнчлэн өдөрт дэлгэц ашиглах хугацааг нэг цагаар хязгаарлах зэрэг хамгаалалтуудтай. Хүүхдүүд 15 нас хүрснээс хойш өөрөө удирдах хаяг ашиглаж болно. 3-13 насны хүүхдүүд нийгмийн сүлжээ хэрэглэж чадахгүй боловч эцэг эх, асран хамгаалагчийнхаа хаягаар дамжуулан тэдэнд тусгайлан зориулсан хүүхдэд ээлтэй дүрс бичлэгүүдийг үзэх боломжтой. 

Насанд хүрээгүй хэрэглэгчдэд олон нийтийн сүлжээнд нэвтрэх, дүрс бичлэг хуваалцах үйлчилгээ, цахим тоглоом, хиймэл оюуны туслах болон чатбот санал болгодог платформууд болон үйлчилгээ үзүүлэгчид нь донтуулах, эцэс төгсгөлгүй гүйлгэх (infinite scroll) функцүүд болон хэрэглэгчийн профайлд тулгуурласан зөвлөмжийн мэдээллийн сувгуудыг устгах үүргийг хүлээлгэх зэргээр аюулгүй байдлыг анхнаас нь хангахаар тусгажээ. Мөн шөнийн цагаар мэдэгдэл илгээх, танихгүй хүмүүсээс хүүхэд рүү зөвшөөрөлгүй мессэж, хүсэлт илгээхийг хориглоно. Хиймэл оюуны туслах болон чатботоос хүүхдүүд сэтгэл санааны хувьд хэт хамааралтай болохоос сэргийлэхийн тулд үндсэн тохиргоогоор идэвхгүй байлгана. Түүнчлэн насанд хүрээгүй хэрэглэгчдийн профайлыг түгжээтэй байлгаж, байршил тогтоох, камер, микрофонд нэвтрэх эрхийг унтраасан байх ёстой.

Хувийн мэдээллийг хамгаалж, насыг баталгаажуулахын тулд цахим үйлчилгээ болон аппликэйшний дэлгүүрүүдээс ЕХ-ны нас баталгаажуулах апп зэрэг аюулгүй хэрэгслийг ашиглан хэрэглэгчийн насыг баталгаажуулахыг шаардана. Эдгээр хэрэгсэл нь иргэний үнэмлэхийн мэдээлэл болон биометрийн өгөгдлийг хадгалахгүй. Үйлчилгээ үзүүлэгчид шинээр бүртгүүлсэн хэрэглэгчийн насыг баталгаажуулахдаа, мөн өмнө нь үүсгэсэн хаягийг хэрэглэгчдийн насыг прокси серверээр дамжуулан тогтооно.

Европын Комисс энэхүү саналаа Европын парламент болон Европын Холбооны Зөвлөлд хэлэлцүүлэн батлуулахаар өргөн барьжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн