ОТТАВА, 2026 оны есдүгээр сарын 21 /CBC/. Канадын Ерөнхий сайд Марк Карни, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар сансрын дэд бүтэц болон сансрын салбарын бизнесийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Хоёр улсын удирдагчид Канадын Ньюфаундленд арлаас өмнө зүгт 20 км-ийн зайд орших Францын далайн чанад дахь Сент-Пьер ба Микелон аралд хэлэлцээ хийсэн байна.

Канадын CBC сувгаар мэдээлснээр, М.Карни, Э.Макрон нар хоёр улсын сансрын байгууллагууд, Батлан хамгаалах яамдад сансрын хөлөг хөөргөх систем, газар дээрх байгууламж зэрэг дэд бүтцийг хамтран хөгжүүлэх, ашиглах үүрэг өгнө гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн Атлантын далайн эргийн Канад мужууд, Сент-Пьер ба Микелон хоорондын хамтын ажиллагааны бүс нутгийн комисст “эдийн засгийг өсгөх, эрчим хүчний шилжилт хийх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг хангах” чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийг үүрэг болгох аж. Хоёр улсын худалдааны танхим ойрын хэдэн долоо хоногт холбогдох гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. 

Э.Макроны ажлын албанаас мэдээлснээр, М.Карни нь Сент-Пьер ба Микелонд албан ёсны айлчлал хийсэн Канадын анхны Ерөнхий сайд болжээ. Харин Э.Макрон арав гаруй жилийн хугацаанд тус нутагт очсон Францын анхны Ерөнхийлөгч болсон байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн