НҮБ, 2026 оны есдүгээр сарын 18 /Ройтерс/. Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббаст Нью-Йоркт зорчих визийг АНУ дахин олгохоос татгалзсаны дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблей пүрэв гарагт санал хурааж, ирэх долоо хоногт болох дэлхийн удирдагчдын ээлжит уулзалтад дүрс бичлэгээр оролцож, үг хэлэхийг хоёр дахь жилдээ зөвшөөрчээ.
Уг тогтоолыг батлахыг 152 улс дэмжиж, гурав нь эсэргүүцсэн санал өгсөн бол дөрвөн улс түдгэлзсэн байна. Мөн ирэх нэг жилийн хугацаанд Аббас болон Палестины бусад өндөр албан тушаалтан АНУ-д зорчих боломжгүй болсон тохиолдолд НҮБ-ын хурал, бага хуралд дүрс бичлэгээр оролцохыг уг тогтоолоор зөвшөөрсөн байна.
АНУ-ын эрх баригчид Палестиныг чөлөөлөх байгууллага, Йордан голын Баруун эрэгт төвтэй Палестины үндэсний засаг захиргааны гишүүдэд виз олгох, олгосон визийг цуцлах шийдвэр гаргаснаа өнгөрсөн онд мэдэгдсэний дараа М.Аббас болон Палестины 80 орчим иргэн уг шийдвэрт өртжээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг сунгаснаа лхагва гарагт мэдэгджээ.
“Хэрэв Палестины үндэсний засаг захиргаа түншийн хувиар харилцахыг хүсэж байгаа бол терроризмыг ивээн тэтгэхээ зогсоож, бодитоор засаглахын оронд дипломат жүжиг тавихаа болих ёстой” гэж АНУ-аас НҮБ-д суугаа дэд Элчин сайд Тэмми Брюс санал хураалтын өмнө мэдэгдсэн байна.
Палестины удирдагчид АНУ-ын энэ шийдвэрийг няцааж, буруушаасан гэж Палестинаас НҮБ-д суугаа төлөөлөгч Рияд Мансур Ерөнхий Ассамблейд мэдэгджээ.
“Израил-Палестины мөргөлдөөнийг “олон улсын түвшинд хүргэх” гэсэн, тэр дундаа олон улсын шүүх, арбитрын байгууллагад Израилын эсрэг хэрэг үүсгүүлэх зэрэг үйлдэлтэй нь холбогдуулан Палестины албан тушаалтнуудад тавьсан визийн хоригийг сунгана” гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдээд албан тушаалтнуудын нэрийг дурдаагүй байна.
М.Аббаст виз олгохоос татгалзсан болохыг нэрээ нууцлахыг хүссэн Палестины нэгэн албан тушаалтан баталжээ.
НҮБ-ын “Төв байрны тухай хэлэлцээр”-ийн дагуу НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд гадаадын дипломатчдыг нэвтрүүлэх үүргийг АНУ хүлээдэг. Гэвч тус улсын засаг захиргаа аюулгүй байдал, хэт давруу үзэл болон гадаад бодлогын шалтгаанаар виз олгохоос татгалзаж болно гэж мэдэгддэг байна.
