Өв соёл, уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, үеэс үед өвлүүлэн, хөгжин дэвжиж буй казах түмний Наурыз буюу Нарны баяр Сүхбаатарын талбайд болж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар Наурызын баярын нээлтэд оролцож, баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Эх орныхоо өнгөрсөн, өнөө, ирээдүйн хөгжил, дэвшлийн төлөө хөдөлмөрч казахын ард түмний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Улс орны хөгжлийн бүтээн байгуулалт өрнөсөн газар бүхэнд бусдыг үлгэрлэн уриалж чаддаг, алдар, гавьяа амжилтын эзэд билээ. Засгийн газраас үндэстний цөөнхийн хэл, соёлыг хамгаалах, өвлүүлэн уламжлуулахад анхаарч хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэлийг баталсан. Ингэснээр Монгол хэлний тухай хуульд заасны дагуу хос хэлний хөтөлбөр хэрэгжүүлж, казах хүүхэд багачууд хос хэлээр боловсрол эзэмших боломж нээгдсэн”-ийг тодотгов. Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд казах түмний соёлын төв байгуулахаар болсныг дуулгахад хурсан олон талархан хүлээн авсныг Засгийн газрын ХМОНХГ мэдээлжээ.

Дэлхийн 44 улсад хагас тэрбум хүн Наурызын баяр тэмдэглэж байна. Манай улсын 150 мянган казах иргэний 40 мянга нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг ажээ.