Кабо-Вердегийн хаалгач 10 сая гаруй дагагчтай болжээ

АТЛАНТА, 2026 оны зургаадугаар сарын 17 /Kazinform/. Олон нийтийн сүлжээнд “Возинья” нэрээрээ алдартай, Кабо-Вердегийн шигшээ багийн хаалгач Жозимар Диас 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ Испанийн шигшээтэй хийсэн тоглолтын дараа “Instagram” дахь дагагчдынх нь тоо 10 саяас давжээ.

ДАШТ-ий “H” хэсэгт Кабо-Верде, Испанийн шигшээ багууд тоглохын өмнө өдгөө 40 настай хаалгач “Instagram”-д 50 мянга орчим дагагчтай байжээ. Харин тоглолт дууссаны дараахан дагагчдынх нь тоо нэг саяыг давж, улмаар зургаадугаар сарын 17-ны өглөөний байдлаар 10.5 сая дагагчтай болсон байна. 

Ж.Диас Португалын хоёрдугаар дивизионы “Шавеш” клубт тоглодог бөгөөд Кабо-Вердегийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн туршлагатай тоглогчдын нэг юм. 2012 оноос хойш шигшээ багтаа дуудагдсан тэрбээр Африкийн үндэстнүүдийн цомын дөрвөн тэмцээнд өрсөлдсөнөөс гадна,  улсынхаа  түүхэн дэх анхны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож байна.

Ахмад хаалгач Испанийн хүчирхэг багтай 0:0 харьцаатайгаар тэнцэхэд чухал үүрэг гүйцэтгэснээр энэ удаагийн тэмцээний онцлох оддын нэг болсон юм. Возинья уг тоглолтын үеэр хаалга руу цохисон бөмбөгийг долоон удаа амжилттай хааж, “шилдэг тоглогч”-оор шалгарчээ.

Энэ үр дүнг ДАШТ-ий хэсгийн шатны гарсан хамгийн том шуугиануудын нэг хэмээн спортын хэвлэлүүд онцолж байна. Учир нь Испанийн шигшээ тэмцээнд дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэн оролцсон бол Кабо-Верде улсын шигшээ ФИФА-гийн чансааны 67 дугаарт бичигдэж байв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн