Их Британийн аялагч гурван өөр аргаар дэлхийг ганцаараа тойрсон анхны хүн болжээ

ЛОНДОН, 2026 оны зургаадугаар сарын 16 /TASS/. Их Британийн иргэн Жеймс Кетчелл агаар, хуурай газар болон далайгаар дэлхийг гурван өөр аргаар тойрсон анхны хүн болсон тухай “The Daily Telegraph” сонинд мэдээлжээ.

Өдгөө 43 настай Кетчелл зургаадугаар сарын 13-ны өдөр Английн өмнөд нутгийн Хэмпшир гүнлэгийн Госпорт хэмээх боомт хотод аяллаа дуусгасан байна. Тэрбээр 2025 оны долоодугаар сард Портсмут хотын ойролцоо орших яг энэ газраас дэлхийг ганцаараа тойрох аяллаа эхлүүлж байжээ. Энэ хугацаанд Кетчелл “Mindset” гэдэг нэртэй 12 метр урт завиар нийт 55 мянган км замыг туулсан байна. Түүний аяллын маршрут нь Лансароте арал (Испани), Ресифи (Бразил), Кейптаун (ӨАБНУ), Хобарт (Тасмани), Ушуая (Аргентин) болон буцах замдаа дахин Кейптаун хотоор дайран өнгөрчээ.


2013 онд Кетчелл унадаг дугуйгаар 29 мянган км зам туулж, дэлхийг тойрсон бол зургаан жилийн дараа 2019 онд Италид үйлдвэрлэсэн, цагт 130 км хүртэл хурдлах чадалтай “Magni M16C” загварын нэг суудалтай нисдэг тэргээр дэлхийг тойрчээ. Тухайн үед тэрбээр Хэмпшир дэх нисэх онгоцны буудлаас хөөрч, 175 хоногийн дараа 44 мянган км замыг туулан эргэж ирж байв. Энэхүү аяллынхаа үеэр тэрбээр Атлантын далай, Хойд Америк, Орос, Европыг хөндлөн гулд туулж, Гиннесийн амжилтын номд нэрээ мөнхөлжээ.

Кетчеллийн хувьд үүнээс гадна “дэлхийн триатлон” гэгддэг сорилтыг давсан амжилттай. Тодруулбал, 2010 онд Атлантын далайг сэлүүрт завиар гаталсан бол 2011 онд Эверестийн оргилд гарчээ. 2013 онд дээр дурдсан унадаг дугуйгаар дэлхийг тойрох аяллаа хийсэн байна.

“Далайг сэлүүрдэж гатлан, Эверестэд авирч, унадаг дугуйгаар явж, дэлхийг тойрон нисэж, усан завиар аялсны дараа энэ гараг дээр надад ямар адал явдал үлдсэнийг мэдэхгүй байна. Магадгүй дараагийн зогсоол нь Ангараг гараг байх” хэмээн тэрбээр “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч, Улаан нүдэн гаргийг колоничлох хүсэл эрмэлзэлтэй Илон Маскт хандан хошигнон хэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн