ТЕХРАН, 2026 оны зургаадугаар сарын 11 /TASS/. АНУ дахин цохилт өгсний дараа Ираны цэргийнхэн Ормузын хоолойг бүх хөлөг онгоцны хувьд хааж байгаагаа мэдэгджээ.
“Ормузын хоолойг худалдааны хөлөг онгоцнуудыг оролцуулан бүх хөлөг онгоцны хувьд хаасан” гэж Ираны Зэвсэгт хүчний “Хазрат Хатам аль-Анбия” төв штаб мэдэгдсэн байна. Тус штабын мэдэгдэлд дурдсанаар, уг хоолойг “аюулгүй байдлын үүднээс газрын тос тээвэрлэгч болон худалдааны хөлөг онгоцнууд зэрэг бүх хөлөг онгоцны хувьд хаалттай гэдгийг мэдэгдэж байна” гэжээ.
Ираны цэргийнхэн Ормузын хоолойг хаахаар шийдвэрлэснээ “АНУ-ын дайсагнасан үйлдэл”-тэй холбон тайлбарласан байна. Түүнчлэн тус штабаас “Нэвтрэхийг оролдсон аливаа хөлөг онгоцыг мөрдөн мөшгиж, араас нь хөөх болно” гэдгийг онцгойлон анхааруулжээ.
Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын Тэнгисийн цэргийн хүчнээс Ормузын хоолойг дараагийн мэдэгдэл хүртэл хаасан болохыг мөн мэдээлсэн байна.
“Персийн булан болон Оманы буланд байгаа ямар ч хөлөг онгоц зангуугаа татаж, хөдөлж болохгүйг анхааруулж байна. Ормузын хоолойд ойртох аливаа үйлдлийг дайсантай хамтран ажилласанд тооцох болно” гэж Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын мэдэгдэлд дурджээ.
Үүнээс өмнө пүрэв гарагт шилжих шөнө АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал (CENTCOM) Иран дахь байгууламжуудад цохилт өгч эхэлсэн тухайгаа мэдээлсэн юм. Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тус улсын зургаан бүс нутагт хүчтэй дэлбэрэлтүүд болжээ.