“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, польшийн талаас Гадаад хэргийн дэд сайд Владислав Бартошевски нар тэргүүлэв.

Уулзалтаар Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүч чармайлтын дүнд идэвхтэй өргөжиж, “Иж бүрэн түншлэл”-д хүрснийг талууд онцолж, цаашид хамтын ажиллагааг хоёр талын хөгжлийн бодлогод тусгасан нийтлэг зорилтын хүрээнд тэлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бодит үр дүн бүхий харилцан ашигтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Мөн хоёр талын хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, цаашид байгуулахаар төлөвлөж буй баримт бичгийн явцын талаар мэдээлэл солилцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол судлаач, профессор Владыслав Котвичийн хувийн архивд хадгалагдаж буй түүхийн баримт материалын хувийг монголын талд гардуулан өгөв.

Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээ талууд нотлов. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал, Дэлхийн адууны өдөр болон Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт зэрэг Улаанбаатар хотноо энэ онд зохион байгуулах томоохон үйл ажиллагааны талаар мэдээлж, эдгээр үйл ажиллагаанд польшийн тал өндөр түвшинд оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн дэд сайд Владислав Бартошевски тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 4-5-нд зохион байгуулсан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд оролцсон талаар ГХЯ-наас мэдээлэв.

“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов

“Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн