КРАСНОЯРСК, 2026 оны нэгдүгээр сарын 28. /ТАСС/. Чөлөөт бөхийн Иван Ярыгины цомын тэмцээнд Бразилын эмэгтэй тамирчин анх удаагаа оролцох гэж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд өмнөхөөс илүү олон гадаадын бөхчүүд оролцоно гэж Оросын бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Наталья Ярыгина мэдэгдлээ.
“Иван Ярыгины цомын тэмцээнд Бразилаас оролцох Жулия Пеналбер бол Парисын Олимпод хүрэл медалийн төлөө барилдаж байсан тамирчин. Энэ оны тэмцээнд гадаадын олон тамирчин оролцох гэж байна. Нээлтийн ёслолын үеэр 81 улсын далбаа мандана. Эмэгтэйчүүдийн ангилалд 88 бөх, эрэгтэйчүүдийн ангилалд мөн ойролцоо тооны тамирчид гадаадаас ирнэ. Оросын бөхчүүдийг хоригт оруулсан, мөн тус цомын тэмцээн олон улсын тэмцээний хуваарьт тусгагдаагүй боловч олон хүн Красноярскийг зорин ирж байна” хэмээн тэрбээр онцлов.
Мөн эмэгтэйчүүдийн төрөлд ширүүн өрсөлдөөн өрнөх бөгөөд Монгол, Беларусийн багууд хүчтэй гэдгийг Н.Ярыгина дурдлаа. Түүнчлэн Красноярскийн хязгаарын Спортын сайд Денис Петровский хэлэхдээ, цомын тэмцээнд оролцохоор өндөр ур чадвартай бөхчүүд ирсний дотор БНАСАУ-ын багт гурван дэлхийн аварга байгааг онцлов.
Олимпын хошой аварга, дэлхийн болон Европын аварга, ЗХУ-ын спортын гавьяат мастер Иван Ярыгины нэрэмжит тэмцээн анх 1990 онд Абакан хотод зохион байгуулагдсан юм. Харин 1991 оноос өнөөг хүртэл Красноярск хот зохион байгуулж байна.
Энэ оны 37 дахь удаагийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 29-нээс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд явагдана.