Зүрхний хүнд мэс заслыг гудамжинд хийжээ

БУДАПЕШТ, 2026 оны дөрөвдүгээр сарын 30 /TASS/. Унгарын нэгэн эмч зүрхний нээлттэй хүнд хагалгааг гудамжинд хийсэн нь Унгарт анхных бөгөөд Европын хэмжээнд маш ховор тохиолдол ажээ. Будапешт дахь Хавдар судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр, тус хүрээлэнгийн ахлах мэс засалч Жолт Дубоцки зүрхэндээ хутгалуулсан 30 настай залууд гудамжинд шууд мэс засал хийж амийг нь аварсан байна. Учир нь цаг алдах эсвэл эмнэлэгт хүргэх тохиолдолд шархадсан залуу амь насаа алдах эрсдэлтэй байжээ.

Дубоцки эмч хавдар судлалын хүрээлэн дэх үндсэн ажлынхаа хажуугаар нисэхийн түргэн тусламжийн ашгийн бус байгууллагад сайн дураараа ажилладаг байна. Өнгөрсөн ням гарагт түүний баг яаралтай дуудлага хүлээн авч хэргийн газарт очиход шархадсан залуу цус ихээр алдсан байсан тул эмнэлэгт хүргэх нь хэтэрхий эрсдэлтэй байжээ. 

Тиймээс Дубоцки орчин үеийн тоног төхөөрөмж бүхий ариутгасан мэс заслын өрөөнд бус гудамжинд шууд мэс засал хийх шийдвэр гаргажээ. “Тэрбээр долоохон минутын дотор залуугийн цээжний хөндийг нээж, цохилж буй зүрхийг нь оёж, дараагийн шатны эмчилгээнд шилжүүлэх хүртэл биеийн байдлыг нь тогтворжуулж чадсан” гэж Хавдар судлалын үндэсний хүрээлэн мэдээлсэн байна. 

“Хавдрын мэс засалч болон аврагчийн ажлын аль аль нь хатуу дүрэм журмыг мөрддөгөөс гадна сайн бэлтгэгдсэн баг хамт олны оролцоотойгоор хийгддэг. Хавдар судлалын хүрээлэнгийн мэс заслын өрөөнд олж авсан туршлага маань шийдвэрийг хурдан гаргахад тусалдаг, энэ нь агаарын түргэн тусламжийн ажилд туйлын чухал юм” гэж Дубоцки ярьжээ.

Эмчийн шийдэмгий үйлдлийн ачаар шархадсан залуу амьд үлдсэн байна. Яаралтай хагалгааны дараа түүнийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэж, дараагийн шатны тусламж үзүүлжээ. Залуугийн биеийн байдал нь дээрдэж, мэс засалч болон ням гарагт жижүүрт гарсан нисэхийн түргэн тусламжийн багт биечлэн талархлаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн