АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 30 /Kyodo/. Ираны дайны улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ өсөж, инфляцын төлөв байдал тодорхойгүй байгаатай холбогдуулан АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан (ХНС) лхагва гарагт бодлогын хүүгээ хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн ХНС-гийн дарга Жером Пауэлл тавдугаар сарын дундуур бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа Удирдах зөвлөлийн гишүүнээр “тодорхой хугацаанд” үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “эдгээр дайралт нь манай байгууллагад цохилт болж, олон нийтийн хувьд хамгийн чухал болох улс төрийн хүчин зүйлийг харгалзахгүйгээр мөнгөний бодлого явуулах чадварт эрсдэл учруулж байгаад санаа зовниж байна” гэсэн байна. 

Д.Трампын зүгээс зээлийн хүүг бууруулах шахалтыг тасралтгүй үзүүлсээр байгаа боловч ХНС бодлогын хүүг 3.50-3.75 хувийн түвшинд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Арилжааны банкууд хоорондын богино хугацааны зээлийн хүүд нөлөөлдөг тус үзүүлэлт өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш өөрчлөгдөөгүй байгаа юм.

“Дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнийн өсөлтөөс шалтгаалан инфляцын түвшин өндөр хэвээр байна” гэж Холбооны нөөцийн сангийн Нээлттэй зах зээлийн хорооны мэдэгдэлд дурджээ. 

Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилын эхлүүлсэн дайны улмаас газрын тосны үнэ огцом өсөж, инфляц дахин хөөрөгдөх вий гэсэн болгоомжлол үүсгэсэн нь Холбооны нөөцийн сангийн (ХНС) бодлого тодорхойлогчид ойрын хугацаанд бодлогын хүүг бууруулах тал дээр илүү хянуур, болгоомжтой хандахад хүргэсэн байна. 

Тус хорооны дөрвөн гишүүн 1992 оны 10 дугаар сараас хойш анх удаа хүүг хэвээр үлдээх шийдвэрийг эсэргүүцсэн санал өгсөн нь удирдлагын баг өөрчлөгдөхийн өмнө дэлхийн хамгийн нөлөө бүхий Төв банк дотроо санал зөрөлдөөнтэй байгааг харуулсан явдал боллоо. 

Ж.Пауэлл тавдугаар сарын 15-ны өдөр ХНС-гийн даргын албан тушаалаа хүлээлгэн өгөх хэдий ч түүний Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 2028 оны нэгдүгээр сард дуусна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн