Философич гэх С.Молор-Эрдэнийг “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьж, Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж магадгүй байгаа.
Түүнийг Япон улсын иргэн И.Томокогийн бэлтгэн хүргэдэг “Томокогийн найз” гэх ярилцлагын нэвтрүүлгийн үеэр “М… гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй … ” гэх зэрэг зүйлсийг ярьж, үндэсний эв нэгдлийг бусниулсан хэмээн буруутган шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл энэхүү асуудалтай холбоотой байж магадгүйгээр Япон улсын иргэн И.Томоког нутаг буцахаар болсон гэх мэдээлэл өчигдөр /2026.09.18/ олон нийтийн сүлжээнд цацагдав.
Тус мэдээлэлд Япон улсын иргэн И.Томоког “Над шиг албадан хөөгдсөн япон хүн маш ховор. Японд очоод өөрийн туулсан зүйлийн түүхээрээ инфлүүнсер болно. Мөн эх орондоо очоод цагийн ажил хийнэ” гэж ярьсан гэх агуулгыг бичсэн байв.
Тэгвэл Япон улсын иргэн И.Томоког Монгол Улсаас албадан гаргах шийдвэрийг одоогоор эрх бүхий байгууллагаас гаргаагүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана. Гадаадын иргэн нь албадан гаргасан үндэслэлээс хамааран 1-10 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүй байна” гэж заасан байна.
Иймээс Япон улсын иргэн И.Томоког албадан гаргах шийдвэрийг зөвхөн Гадаадын иргэн харьяатын газраас л гаргах хуулийн зохицуулалттай аж.
Харин Япон улсын иргэн И.Томоког албадан гаргахаар болсон гэх мэдээлэл чухам хаанаас гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч түүнийг албадан гаргах албан ёсны шийдвэр гараагүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “И.Томоко нь Монгол Улсын иргэншилгүй бөгөөд манай улсад цагаачаар оршин суудаг байж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.” Тэрбээр Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон тул энэ шугмаараа цагаачийн виз мэдүүлж, Монголд оршин суудаг байж магадгүй байна.
