Европын холбоо 15-аас доош насны хүүхдүүд сошиал медиа, бичлэг хуваалцдаг платформ, хиймэл оюун ухаантай чатбот, цахим тоглоомууд тоглохыг хориглох хулуийн төсөл санаачлахаар бэлтгэж байна.
Сүүлийн жилүүдэд “Instagram”, “Facebook”, “Youtube”, “TikTok” платформууд болон “ChatGPT” зэрэг хиймэл оюун ухаант чатботууд хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн эрсдэл учруулдаг талаар дэлхий даяар нухацтай авч үзэх болсон. Тэгвэл Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын холбооны технологийн асуудал хариуцсан дарга Хенна Виркуннен нар пүрэв гарагт /2026.09.17/ “Европын холбооны Хүүхдийн тухай хууль”-ийн хүрээнд тус хоригийг танилцуулах аж. Энэхүү хуулийн төслийн талаарх баримт бичиг дээр “Европын холбооны баримтлах зарчим нь насанд хүрээгүй хүүхдүүдийг цахим үйлчилгээний асар их давуу талыг хүртэх боломж олгохын зэрэгцээ хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаална” гэж бичжээ.
Санаачлах гэж буй хуулийн төслөөр бол хүүхэд нас ахих тусам төрөл бүрийн цахим үйлчилгээг шат дараалалтайгаар ашиглах боломж нь нэмэгдэх аж. Мөн цахим платформ, тоглоом, хиймэл оюун ухааны компаниудад оноох үүрэг, хариуцлагыг ямар үйлчилгээ үзүүлдгээс хамаарч өөр өөр байхаар зохицуулж өгсөн байна. Баримт бичигт зааж өгснөөр компаниуд үйл ажиллагааг нь хянаж, зохицуулах байгууллагуудад санхүүжилтийн хураамж төлж эхлэх юм. Хуулийн төсөл батлагдвал 15 болон түүнээс дээш насны хүүхдүүд өөрсдөө цахим хаяг нээх боломжтой болно. Харин 13-14 насны хүүхдүүдийн эцэг эх нь хүсвэл сошиал медиа, бичлэг хуваалцдаг платформууд дээр хяналт тавьж болдог, харилцах хүрээ болон хугацааг хязгаарладаг хаяг нээж өгөх юм. Харин 13-аас доош насны хүүхдүүд огт сошиал медиа, хиймэл оюун ухаан гэх мэт үйлчилгээг авахгүй.
