БНХАУ-ын Нинся мужийн Енчуан хотын
цөлжилттэй тэмцсэн тухай тэмдэглэл
Улаанбаатар //. Монгол Улсын говийн бүсийн аймгийн 12 сэтгүүлчийн бүрэлдхүүнтэй баг 2026 оны 6 сарын 8-наас 12-нд БНХАУ-ын Нинся хотон үндэстний өөртөө засах орны нутгаар явж сурвалжлага хийлээ. Энэ хугацаанд тус өөртөө засах орны Енчуан хотод орших эртний тангад улсын хаадын бунхан, гожи жимс, усан үзмийн эдлэн, Шаху нуур, нарны цахилгаан эрчим хүч үүсгүүрийн бааз, сүүний үйлдвэр, цагаан будаа ба загасны хосолмол аж ахуй, мөн тус мужийн радио телевизийн газраар орж танилцлаа.
Монголын түүхэнд тэмдэглэгдэх тангад улсын хаадын булш Енчуан хотын Хөлөн шан нурууны урд, Шар мөрний хойд талд оршдог тул тайлбарлагчийн хэлснээр фэншүйгийн үүднээс авч үзвэл маш таатай нөхцөл, орон зайд оршдог аж. Тэрээр 2025 онд албан ёсоор “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгэснээр торгоны замын дамжин өнгөрөх зангилаа төв болохыг хүлээн зөвшөөрөгджээ. Ийнхүү Хятад улсын 60 дахь Дэлхийн өв болжээ. Эндээс ухаж гаргасан 7000 гаруй соёлын дурсгалт эд зүйлс нь мөхсөн тангад улсын соёлын гэрч болж, “Зуун жилийн зуун том археологийн нээлт”-ийн нэгээр зүй ёсоор тооцогджээ.

Тус бунхант цогцолборын нийт талбай нь ойролцоогоор 50 хавтгай дөрвөлжин километр бөгөөд энд 9 хааны бунхан, 271 дагалдах булш байрладаг. Бунхнуудын өвөрмөц байгууламжийн хэлбэр дүрсийг үндэслэн “Дорнын пирамид” хэмээн нэрлэжээ.

Тэдгээрээс 3 дугаартай бунхан нь хамгийн түрүүнд олон нийтэд нээлттэй болсон, хадгалалт хамгийн сайн, мөн 90 давхар байшинтай тэнцэх хамгийн том хэмжээтэйд тооцогддог бөгөөд үүнийг тангад улсын үндэслэгч хаан Ли Юаньхаогийн бунхан хэмээн үздэг.
Бунхнуудаас олдсон олдворуудаар түүний хойд талд нь музей байгуулсан тул ирсэн гийчдэд энэ нь тус улсын түүх, соёлыг танин мэдэх чухал цонх болж байх юм. Ёстой л ухсан газраасаа “шороо атгаж” бүхэл бүтэн музей байгуулаад аялал жуулчлалаа хөгжүүлж байна. Тэгвэл манай Ноён уул гэх мэт баялаг эд өлгийн зүйлстэй хаад ноёдын булш бунханы хажууд ийм музей байгуулбал аялал жуулчлалын бас нэгэн шинэ бүтээгдхүүн бий болох байх даа гэх бодол төрөв.


Ингээд дараагийн цэг болох гожи жимсний эдлэнд очтол ургацаа хураах ид үетэй нь таарав. Ирсэн гийчдэд шив шинэхэн, ув улаан багсралдан ургах гожи жимсийг өөрсдийн гараар түүж идэх боломж олгодог нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бас нэг менежмент болов уу. Өдөрт 12 ширхгээс хэтрүүлж идэж болдоггүй энэ жимсний ид шидийг товч танилцуулья. Гожи жимс нь элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжиж, хараа бүрэлзэхийг сайжруулахад тустай. Мөн дархлааг сайжруулж, бие махбодын үйл ажиллагааны доройтлыг багасгаж, элэгний гэмтлийг бууруулахад нөлөөлдөг. Түүнчлэн цусан дахь сахар, өөх тосны хэмжээ, дааврын тэнцвэрийг зохицуулахын зэрэгцээ ядаргааг тайлдаг. Манай зарим хоолны газрууд хоолондоо энэ жимсийг хийдэг болсныг харахад талархууштай.

Усан үзмийн эдлэнгийн хувьд, 2008 онд хаягдсан уурхайн нүхийг экологийн аргаар сэргээн засварласнаар бий болсон бөгөөд усан үзмийн тариалалт, дарс үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хослуулсан цогцолбор аж. Борлуулалтын хувьд, ирсэн аялагчдад исгэсэн дарсаа шууд борлуулдаг тул өөр газарт зарах шаардлагагүй гэдгийг сонсоод гайхашрав. Жилд дунджаар 20-30 мянган жуулчин хүлээн авдаг, дарсны аж ахуй нь мөн жилд ойролцоогоор 45 мянган шил дарс үйлдвэрлэдэг. Жишээ нь, 2024 онд гэхэд, борлуулалтын орлого нь 50 сая юаниас давсан байна.

Цагаан будаа, загасны хосолмол талбайн нийт эзлэх талбай нь 240 га, загас, хавч зэргийг үржүүлдэг экологийн газар тариалангийн жишиг загвар болжээ. Загасны ялгадас нь хөрсийг бордож, талбайн ус байгалийн аргаар цэвэршдэг тул ус хэмнэхийн зэрэгцээ орлогыг нэмэгдүүлдэг юм байна. Энэ бол “байгаль өөрөө өөрийгөө тэжээдэг жижиг экосистем” гэж хэлж болмоор. Өөрөөр хэлбэл, хүн нь системийг нь эхлүүлээд үлдсэнийг нь байгаль хийдэг аж.

Энд аварга хэмжээний будааны талбайн зураглал, ажиглалтын цамхаг, шилэн гүүрийг байгуулжээ. Улирлаас хамааран хаврын, ургацын гэх мэт баяр, цасны наадмыг зохион байгуулдаг. Тэгэхээр энд зөвхөн тариалангийн талбай бус, улирлын чанартай янз бүрийн шоу хийдэг “байгаль + аялал жуулчлал + наадам” маягийн цогц орчинг бүрдүүлжээ.
Хятадын Нинся муж нь цөлжилттэй тэмцэхдээ ийнхүү хоёр гурван салбарыг хооронд нь уялдуулан өөрт ашигтайгаар хэрэгжүүлж чадсан үлгэр жишээ өөртөө засах орон болж чаджээ.Тиймээс манай улсын байгаль хамгааллын салбарынхан газар дээр нь очиж туршлага судалж, сургалтад хамрагддаг байна.

Шаху нуур нь улсын экологийн аялал жуулчлалын жишиг бүс болон Хятадын “Хамгийн сонирхол татахуйц намгархаг газар”-ын нэгээр шалгарчээ. Анх Хөлан уулаас бууж ирсэн борооны уснаас бүрэлдсэн бяцхан нуурыг Шар мөрнөөс татсан шуудуугаар дамжсан усаар хүчитгэн ийн том нуурыг байгуулжээ. Өвөр Монголоос нүүдэллэн ирсэн элсний нүүдэлтэй хосолсноор чухамхүү хүн, амьтны буудаллах дуртай баян бүрдийг бүрдүүлжээ.
Элс, ус, зэгс, шувуу, уул, цэцэг зэрэг байгалийн зургаан төрөл янзыг нэг дор бүрдүүлсэн тул “дэлхийд ховор” аялал жуулчлалын онцгой бүсэд тооцогддог.

Нууран дунд бүрэлдсэн бяцхан шувууны арал дээр 210 гаруй төрлийн шувуу амьдардаг бөгөөд Зүүн Ази-Австралийн нүүдлийн шувуудын чухал дамжин өнгөрөх газар болжээ.
Энд зуны улиралд олон улсын элсэн баримлан үзмэр, усан дээрх мотоцикл, элсэн дээгүүр гулгах, цөлийн тэмээт аялал зэрэг үйлчилгээ үзүүлдэг бол хавар нь шувуу ажиглах, намар нь лянхуа цэцгийг таашаан үзэх, өвлийн улиралд мөс, цасны спорт гэх мэт жилийн дөрвөн улиралд адал явдалд дурлагсдад зориулсан олон сонирхолтой үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг байна. Өөрөөр хэлбэл “байгаль, спорт, музей, адал явдал, улирлын шоу” энэ бүгдийг нэг дор багтаасан аялал жуулчлалын цогц үйлчилгээг үзүүлдэг аж.


Хамгийн сүүлд Нинся мужийн радио телевизийн газраар орж танилцаж байхдаа нэг сонирхол татсан зүйл нь 1978 оны үеийн түүхэн зургийг үзэж байтал монгол хэлний редакцийн хамт олны зураг байлаа. Учрыг асуутал тус муж нь ӨМӨЗО-той залгаа оршдог тул монгол үзэгч, сонсогчдод тусгайлан нэвтрүүлэг цацдаг байжээ. Харин одоо бол англи, араб хэлээр мэдээ, нэвтрүүлэг хийж цацдаг байна.
Мэргэжил нэгтний хувьд бас нэг сонирхол татсан зүйл бол хиймэл оюун ухааныг нэвтрүүлэг, контент хийж бэлдэхэд түлхүү ашиглаж байна. Жишээ нь, ямар нэгэн видео мэдээ хийх шаардлагатай бол тухайн мэдээлэх гэж буй сэдэвтэй холбоотой түлхүүр үгсийг оруулахад хэдхэн минутын дотор бэлэн дүрс гараад ирэх юм. Бидэнд цагаан будаан талбайн тухай видео дүрсийг хэдхэн минутад бэлтгэж үзүүлээд, ихэнх сурвалжилгын заавал газар дээр нь хийх шаардлагагүй болсон хэмээн өөртөө ихэд итгэлтэйгээр тайлбарлав.