22АНУ-ын Харвардын их сургууль болон Япон улсын Васеда их сургуулийн зочин судлаач, доктор Д.Дотно “Чингис хаанаа шүтэхийн тухайд (XIII-XVII зуун)” сэдвээр Чингис хаан Үндэсний музейд лекц уншлаа.
Тус музейгээс гадаад дотоодын нэр хүндтэй эрдэмтдийг урьж, цувралаар олон нийтэд лекц уншуулдаг уламжлал тогтоод буй. Зургаа дахь удаагийн зочин, доктор Д.Дотно уг лекцийг дипломын ажлынхаа сэдвийн хүрээнд уншиж байгаагаа тодотгосон юм. Түүний дипломын ажил цаг хугацааны хувьд XIII-XVII зууныг хамарч байгаа ба Пенсильванийн их сургуулийн профессор Кристофер Этвүүд багшийнхаа зөвлөснөөр “Даян хааны үеийн Чингис хааны тахилга” сэдвээр дипломын ажлаа бичиж, хамгаалсан байна. Энэ үеэр түүнтэй товч ярилцав.
-Та дипломын ажлын сэдвээ хэрхэн сонгосон бэ. Дипломын ажил дээрээ хэдий хугацаанд суув?
-Магистрын дипломын ажлаа хамгаалахаар 1945 оны үеийн материалуудыг судалж байхад монгол бичгээр хэрдээ гайгүй уншаад байгаа хэрнээ тэр үеийн хүмүүсийн соёл сэтгэхүйг тэр бүр ойлгохгүй байгаа юм шиг санагдсан. Тиймээс докторын ажлаараа дамжуулан аль ч цаг үеийн эх сурвалжийг уншиж чаддаг болох, ойлгож ухаарах боломж юу байж болох вэ гэдэг дээр бодолцож, багшаасаа зөвлөмж хүссэн. Багш маань “Чингис хааны тахилгыг сонгож болох юм” гэсэн тул сэдвээ болгосон.
-Чингис хааны тахилгын тухай анх ямар эх сурвалжид дурдсан байдаг юм бол?
-Чингис хааны тахилгын тухай дурдсан хамгийн эртний эх сурвалж гэвэл “Монголын нууц товчоо” юм. “Монголын нууц товчоо” болон түүнээс хойших эх сурвалжуудад дурдсанаар, тахилга бол хаад ноёдын амьдралын салшгүй хэсэг, маш том зан үйл бөгөөд түүнд ихээхэн цаг хугацаа, эд хөрөнгө зарцуулдаг байсныг мэдэж болно. Тахилгын үеэр олон хүн цугларна. Дуулж бүжиглэнэ. Ерөөл тавина, өргөл өргөнө. Тахилга нь өөрийн гэсэн дэг жаягтай. Өөрөөр хэлбэл, хуультай гэсэн үг. Өнөөгийн нөхцөлд энэхүү зан үйлийг уламжлан авч явж буй газар орон, хүмүүс бол ӨМӨЗО-ы Ордос аймаг, дархад түмэн юм. Ордост жилдээ 4 удаагийн тахилга болдог ба хамгийн том нь хаврын сүүл сарынх нь юм.
-Түүхийн явцад тахилгын зан үйлд тодорхой хэмжээний хувьсал гарсан гэж та яриандаа дурдсан. Ямар хувьсал гарав, учир шалтгаан нь юу вэ?
-Тахилгын зан үйлийг Хубилай хаан илүү түгээн дэлгэрүүлж, шинэчилсэн гэхэд болно. Мөн XIV зууны үед Есөнтөмөр хааны үед дахин шинэтгэсэн юм шиг байгаа юм. Юань гүрэн мөхсөний дараа юу болсон бэ гэдэг нь тодорхой биш үлдсэн. Гэхдээ түүх бичлэгт хаан ширээ залгаж суухдаа заавал эзний цагаан гэрт ирж хаан ширээг залгамжилж авдаг байсан тухай өгүүлсэн байдаг. Юань улсын сударт гэхэд мөн адил жилийн дөрвөн улиралд ийм өдөр ингэж тахина гэж бичсэн нь бий. Ингэхдээ эзэнт гүрэн болоод түүний дараах үе, Мандухай цэцэн хатны үед тахилгын зан үйлд эмэгтэйчүүд буюу хатдын үүрэг оролцоо их байсан. Гэтэл XX зуун гэхэд эмэгтэйчүүд очиж болохгүй, хориотой болчихсон. Энэ хувьсал яг ямар үе шатаар явсан бэ гэдгийг одооноос судалж эхэлж байна.
-Орчин цагт Чингис хааны тахилгыг бид зан үйл гэж хараад байна шүү дээ. Энэхүү тахилгыг та хамгийн товчоор дүгнэж хэлэх үү?
-Чингис хааны тахилгыг шашин гэж хэлмээргүй байна. Энэ бол төрийн ёслол, шүтээн уншлага юм.

