Дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг болох Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийг УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр толилуулна.
Ж.Верди уг дуурийг 1871 онд Египетийн хааны хүсэлтээр Каир хотын шинэ дуурийн театрын нээлтэд зориулан бүтээжээ. Тэрбээр Францын Египет судлаач Огюст Мариеттаас Фараоны үеийн бодит үйл явдлаас сэдэвлэсэн түүхэн эх авч, зохиолч К.Дю Локль болон Италийн яруу найрагч А.Гисланцони нартай хамтран дөрвөн бүлэг, долоон үзэгдэлт цомнол болгон боловсруулсан байна.
“Аида” дуурь 1871 оны 12 дугаар сарын 24-нд Каирын театрт анх тайзнаа тавигдаж, тэр даруйдаа дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн нэг болсон түүхтэй. Тус дуурь нь том найрал дуу, сүр жавхлант марш, өргөн бүрэлдэхүүнтэй хөгжим, хүчтэй драматик өрнөл, төгс ари, дуэт, чуулгаараа онцлог бөгөөд дэлхийн томоохон театруудын байнгын урын санд багтдаг.
Монголд “Аида” дуурь анх 2011 оны 4 дүгээр сарын 30-нд УДБЭТ-ын тайзнаа тоглогдож байжээ. Энэ удаагийн тоглолтын найруулагч ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн А.П.Чепурной, ерөнхий зураач Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар, Хормейстер Соёлын тэргүүний ажилтан Н.Дашбямба, хувцасны зураач Соёлын тэргүүний ажилтан Г.Оюун, хөтлөх найруулагч Соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэндаваа ажиллаж байгаа юм.
