Үндэсний мэдээллийн агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.07.27-2026.08.02)
НЕФТИЙН ҮНЭ ХЭЛБЭЛЗЭЛТЭЙ ХЭВЭЭР, ЗАХ ЗЭЭЛ ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛИЙГ АНХААРЧ БАЙНА
Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал үргэлжилж буйтай холбоотойгоор дэлхийн газрын тосны зах зээл өндөр хэлбэлзэлтэй хэвээр байна. Долдугаар сарын сүүлийн долоо хоногт АНУ, Ираны хооронд дипломат яриа хэлэлцээ өрнөх боломж нэмэгдэж, АНУ цэргийн ажиллагаагаа түр хойшлуулсан тухай мэдээллийн дараа газрын тосны үнэ огцом буурсан ч бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэл бүрэн арилаагүй тул зах зээл болгоомжтой байр сууриа хадгалсаар байна.
- Brent газрын тос: ойролцоогоор 89.45 ам.доллар/баррель
- WTI газрын тос: 83–84 ам.доллар/баррель
- Гол нөлөөлөгч хүчин зүйл: АНУ–Ираны харилцаа, Улаан тэнгис болон Ормузын хоолойн тээврийн эрсдэл
- Зах зээлийн төлөв: Нийлүүлэлтийн эрсдэл буурсан ч геополитикийн тодорхойгүй байдал хэвээр
Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчид АНУ, Ираны хооронд дипломат шийдэлд хүрэх боломжийг эерэгээр үнэлж эхэлсэн нь нефтийн зах зээлд хуримтлагдсан геополитикийн “эрсдэлийн шимтгэл” тодорхой хэмжээгээр буурахад нөлөөлжээ. Үүний зэрэгцээ Саудын Арабын санаачилгаар Улаан тэнгисийн тээврийн аюулгүй байдлыг сайжруулах асуудлаар олон улсын хэлэлцээ идэвхжсэн нь нийлүүлэлтийн тасалдлын эрсдэлийг хэсэгчлэн намжаасан байна.
Гэсэн хэдий ч зах зээлийн тодорхойгүй байдал бүрэн арилсангүй. Ормузын хоолойгоор дамжих тээвэр хэвийн түвшинд бүрэн сэргээгүй бөгөөд бүс нутагт худалдааны усан онгоцуудад учрах эрсдэл, Йеменийн хуситуудын халдлагын аюул үргэлжилж байгаа нь нефтийн нийлүүлэлтийн тогтвортой байдалд дарамт үзүүлсээр байна. Иймээс газрын тосны үнэ богино хугацаанд геополитикийн мэдээ, дипломат хэлэлцээний явцаас өндөр хамааралтай хэвээр байгаа юм.
Хөрөнгийн зах зээлийн үүднээс авч үзвэл нефтийн үнэ 100 ам.доллараас доош буурсан нь дэлхийн инфляцын дарамтыг тодорхой хэмжээнд сааруулах эерэг дохио болж байна. Энэ нь төв банкуудын мөнгөний бодлогод үзүүлэх дарамтыг бууруулах боломжтой ч геополитикийн нөхцөл байдал дахин хурцадвал эрчим хүчний үнэ богино хугацаанд дахин огцом өсөх эрсдэл хэвээр байна.
ХНС БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ, ИНФЛЯЦЫН ЭСРЭГ БОЛГООМЖТОЙ БАЙР СУУРИА ХАДГАЛЛАА
АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) долоодугаар сарын мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг 3.50–3.75%-ийн түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь зах зээлийн хүлээлттэй нийцсэн боловч санал хураалт 9:3 харьцаатай болж, гурван гишүүн бодлогын хүүг 0.25 нэгж хувиар нэмэгдүүлэх санал өгсөн нь ХНС дотор инфляцын эрсдэлийн талаарх байр суурийн зөрүү нэмэгдэж байгааг харууллаа.
ХНС мэдэгдэлдээ АНУ-ын эдийн засаг Ойрх Дорнод дахь геополитикийн тодорхойгүй байдал үргэлжилж байгаа хэдий ч тогтвортой өсөлтөө хадгалж, хөдөлмөрийн зах зээл харьцангуй хүчтэй хэвээр байгааг онцоллоо. Хөдөлмөр эрхлэлт ажиллах хүчний өсөлттэй зэрэгцэн нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин бага өөрчлөгдсөн бол хөрөнгө оруулалт болон бүтээмж өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь эдийн засгийн суурь нөхцөл тогтвортой байгааг илэрхийлжээ. Үүний зэрэгцээ эрчим хүч болон бусад нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц зорилтот 2%-ийн түвшнээс өндөр хэвээр байгааг дахин онцолж, үнийн тогтвортой байдлыг сэргээх нь мөнгөний бодлогын тэргүүлэх зорилт хэвээр байгааг мэдэгдсэн.
Кевин Уорш ирээдүйн бодлогын талаар тодорхой чиглэл өгөхөөс татгалзаж, эдийн засгийн мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах зарчмаа үргэлжлүүлсэн нь зах зээл дэх тодорхойгүй байдлыг нэмэгдүүлэв. Үүний дараа АНУ-ын Засгийн газрын урт хугацааны бондын өгөөж өсөж, хөрөнгө оруулагчид энэ оны сүүлээр бодлогын хүү дахин өсөх магадлалыг дахин үнэлж эхэлсэн байна. Хөрөнгийн зах зээлийн үүднээс авч үзвэл бодлогын хүүг хэвээр үлдээсэн нь богино хугацаанд санхүүгийн нөхцөлийг тогтвортой хадгалах эерэг нөлөөтэй боловч ХНС доторх саналын хуваагдал болон инфляцын эрсдэл өндөр хэвээр байгаа нь “өндөр хүү удаан үргэлжлэх” хүлээлтийг бэхжүүлж байна.
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм
Долдугаар сарын 27-31-ний долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүдийн хөдөлгөөнийг төв банкуудын мөнгөний бодлого, томоохон компаниудын улирлын тайлан болон хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтын үр өгөөжийн талаарх хүлээлт голлон тодорхойлов. АНУ болон Европын зах зээлүүд компанийн ашиг, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн дэмжлэгтэйгээр өсөлттэй хаагдсан бол Азийн зах зээлүүд технологийн салбарын засвар хөдөлгөөнөөс шалтгаалан дарамтад орлоо. Үүний зэрэгцээ Ойрх Дорнод дахь геополитикийн эрсдэл болон газрын тосны үнийн хэлбэлзэл нь инфляц, мөнгөний бодлогын төлөвт нөлөөлөх гол хүчин зүйл хэвээр үлдэж, хөрөнгө оруулагчид эрсдэлийн удирдлагад илүү анхаарал хандуулсан долоо хоног боллоо.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
S&P 500: +0.34%
Dow Jones: +0.50%
Nasdaq: +0.55%
АНУ-ын хөрөнгийн зах зээл долоо хоногийг өсөлттэй өндөрлүүллээ. Хөрөнгө оруулагчдын анхаарал Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) долоодугаар сарын мөнгөний бодлогын хурлын шийдвэр, АНУ-ын II улирлын ДНБ-ий үзүүлэлт болон технологийн томоохон компаниудын санхүүгийн тайланд төвлөрөв. ХНС бодлогын хүүг хэвээр хадгалсан ч инфляцын эрсдэлийн талаар болгоомжтой байр сууриа хадгалсан нь бондын өгөөжийг өсгөсөн хэдий ч Microsoft зэрэг компаниудын хүчтэй тайлан зах зээлийг дэмжлээ. Харин хиймэл оюун ухааны өндөр хөрөнгө оруулалтын өгөөжийн талаарх эргэлзээ үргэлжилж, технологийн салбарын хэлбэлзэл өндөр хэвээр байв.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
FTSE 100: +0.80%
STOXX Europe 600: +0.50%
DAX 40: +0.67%
CAC 40: +0.79%
Европын хөрөнгийн зах зээл эерэг гүйцэтгэлтэй байлаа. Компанийн санхүүгийн тайлангууд ерөнхийдөө хүлээлтээс давж, долоодугаар сард STOXX Europe 600 индексийг шинэ дээд түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэв. Эрчим хүчний компаниуд газрын тосны үнийн өсөлтөөс ашиг хүртсэн бол технологийн салбар АНУ-ын томоохон технологийн компаниудын тайлан болон Хятадын хагас дамжуулагчийн салбарын өрсөлдөөнтэй холбоотойгоор савлагаатай байлаа. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчид Евро бүсийн инфляц болон Европын Төв банкны дараагийн бодлогын чиглэлийг анхааралтай ажиглав.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Nikkei 225: -1.23%
KOSPI: -3.10%
CSI 300: -2.43%
SSEC: -0.67%
Азийн хөрөнгийн зах зээл долоо хоногийг бууралтаар өндөрлүүлэв. Хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн салбарын өндөр үнэлгээний талаархи болгоомжлол нэмэгдсэнээр Япон, БНСУ-ын технологийн хувьцаанд хүчтэй борлуулалт ажиглагдав. Ялангуяа БНСУ-ын KOSPI индекс чип үйлдвэрлэгчдийн уналтаас хамгийн их дарамт амссан бол Японд мөн хагас дамжуулагчийн компаниудын хувьцаа сулрав. Харин БНХАУ-ын зах зээл эдийн засгийг дэмжих бодлогын хүлээлтээр тодорхой хэмжээнд дэмжигдсэн ч хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлага давамгайлсан хэвээр байлаа.
