Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

БЮРГЕНШТОК, 2026 оны зургаадугаар сарын 22 /Reuters/. АНУ, Ираны өндөр албан тушаалтнуудын хооронд Швейцарт хийсэн эхний шатны хэлэлцээ даваа гарагт дууссан тухай зуучлагч талууд мэдээллээ. Уг уулзалт нь Ираны тал Ормузын хоолойг дахин хааснаа мэдэгдэж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд дахин цохилт өгнө гэж сүрдүүлсэн хурцадмал уур амьсгал дунд эхэлсэн юм.

Зуучлагч орнууд болох Катар, Пакистаны хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, АНУ, Ираны төлөөлөгчид эцсийн хэлэлцээрийг ирэх 60 хоногийн дотор байгуулах “замын зураглал”-ыг тохиролцсон байна. Талуудын техникийн түвшний хэлэлцээ энэ долоо хоногийг дуустал Швейцарын Бюргеншток хотод үргэлжилнэ гэдгийг Катарын Гадаад хэргийн яамнаас нийтэлсэн уг мэдэгдэлд онцолсон байна. 

Талууд Ливан дахь мөргөлдөөнийг зогсоох механизмыг тохиролцож, маргаантай байгаа Ормузын хоолойгоор арилжааны хөлөг онгоцуудыг аюулгүй өнгөрүүлэх үүднээс харилцаа холбооны шугамыг нээсэн байна.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс талуудын хооронд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Ираны албаны хүмүүстэй ням гарагт хэлэлцээ хийж эхэлсэн юм. Уулзалт даваа гаргийн үүр цайтал үргэлжилжээ.

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, тус улс газрын тос болон газрын тос, химийн бүтээгдэхүүний экспортын хоригийг цуцлах, царцаагдсан зарим хөрөнгөө чөлөөлүүлэх, улс орноо сэргээн босгох, хөгжүүлэх хөтөлбөрийг эхлүүлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн гэжээ. Харин Цагаан ордноос яриа хэлэлцээ дууссан эсэх талаар одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Ням гарагт хэлэлцээ албан ёсоор эхлэхийн өмнөхөн Д.Трамп Ираны талд хандан “Хэрэв Ормузын хоолойг дахин хаахыг оролдвол танай улс байхгүй болно” хэмээн сүрдүүлсэн тухай “Fox News” телевиз мэдээлсэн юм. Түүнчлэн тэрбээр АНУ Ормузын хоолойг хяналтдаа авч, шаардлагатай бол уг хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцноос төлбөр хураамж авч магадгүй гэсэн өмнөх мэдэгдлээ дахин давтсан байна.

Гэсэн хэдий ч Д.Трамп Ормузын хоолой хаагдсанаас үүдэн газрын тосны үнэ өсөх, дэлхийн эдийн засаг хямрахаас сэргийлэхийн тулд өнгөрсөн долоо хоногт байгуулсан санамж бичгийг зөвшөөрсөн гэдгээ хэлжээ. Харин өнгөрсөн долоо хоногийн турш газрын тосны үнэ буурч, хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хамтран Иран руу довтолсноос хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн байна. “Brent” маркийн газрын тосны үнэ талууд санамж бичиг байгуулсан тухай мэдэгдсэний дараа дахин 1 ам.доллароор буурч, баррель нь 79.44 ам.доллар болжээ.

АНУ, Ираны эх сурвалжууд Швейцарт болсон хэлэлцээний явцын талаар өөр өөр мэдээлэл өгсөн байна. 

Ираны хагас албан ёсны “Tasnim” агентлагийн мэдээлснээр, Трампын сүрдүүлгийн дараа Ираны төлөөлөгчид уулзалтын өрөөнд буцаж орохоос татгалзсан хэдий ч Пакистан, Катарын зуучлагчдаар дамжуулан мэдээлэл солилцжээ. Ираны тал цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх хэлэлцээг эхлүүлэхийн тулд санамж бичигт тусгагдсан бусад заалт, тухайлбал хөрөнгийг чөлөөлөх, газрын тосны экспортын хоригийг цуцлах зэрэг асуудлуудыг түрүүлж биелүүлэхийг шаардсан байна.

Харин хэлэлцээнд оролцсон АНУ-ын дипломат эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлэл өгөхдөө “Иранчууд уулзалтыг орхиогүй, эндээ шөнө дунд хүртэл хэлэлцээ хийсэн. Бид Ормузын хоолой, Ливан, цөмийн хөтөлбөрийн асуудал, мөн санамж бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотой нарийн ширийн зүйлсийг хэлэлцсэн” гэж зөрүүтэй тайлбар өгчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн