ДАШТ-2026: Кюрасаогийн шигшээ багийн хаалгач шинэ дээд амжилт тогтоожээ

ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 21 /TASS/. Кюрасаогийн шигшээ багийн хаалгач Элой Ром дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) түүхэнд үндсэн цагт хамгийн олон бөмбөг хаасан шинэ дээд амжилтыг тогтоолоо.

АНУ-ын Миссури муж улсын Канзас-Ситид болсон ДАШТ-ий хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Кюрасао, Эквадорын шигшээ багууд 0:0 харьцаагаар тэнцжээ. Тус тоглолтод Элой Ром өрсөлдөгч багийнхаа 15 цохилтыг амжилттай хаасан байна.

ДАШТ-ий түүхэн дэх хамгийн олон бөмбөг хаасан дээд амжилтыг АНУ-ын хаалгач Тим Ховард эзэмшдэг. Тэрбээр 2014 оны ДАШТ-ий 1/8 шигшээд Бельгийн багтай хийсэн тоглолтод (нэмэлт цагт 1:2-оор АНУ хожигдсон) 16 цохилтыг хааж байжээ.

Харин “Opta Joe” цахим хуудсанд мэдээлснээр, Элой Ром нь үндсэн цагт дууссан тоглолтод хамгийн олон цохилтыг хаасан шинэ дээд амжилтын эзэн болжээ. Энэхүү статистик үзүүлэлтийг 1966 оноос эхлэн тооцож байгаа ажээ.

Өдгөө 37 настай Элой Ром нь 2026 оны нэгдүгээр сараас эхлэн АНУ-ын “Майами” клубт тоглож байгаа бөгөөд тэрбээр өмнө нь Нидерландын “Витесс”, “Гоу Эхед Иглз”, ПСВ, Бельгийн “Серкль Брюгге” болон АНУ-ын “Коламбус” багуудад хүчин зүтгэж байсан туршлагатай тоглогч юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн