ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаас татгалзжээ

МАДРИД, 2026 оны долоодугаар сарын 21 /TASS/. 2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шилдэг тоглогчоор шалгарсан Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Родри Английн “Манчестер Сити” клубтэй байгуулсан гэрээгээ сунгахаас татгалзжээ.

Тэрбээр Испанийн “Реал Мадрид” клуб рүү шилжих сонирхолтой байгаа талаар сэтгүүлч Рамон Альварес “Х” нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Өдгөө 30 настай Родригийн “Манчестер Сити”-тэй байгуулсан гэрээ 2027 оны зун дуусах юм. Тэрбээр 2019 оноос хойш тус клубт тоглож байгаа бөгөөд үүнээс өмнө Испанийн “Вильярреал”, “Атлетико Мадрид” багуудад хүчин зүтгэж байв.

Родри “Манчестер Сити”-гийн бүрэлдэхүүнд Английн Премьер лигт 4, Лигийн цомд 3, Английн Цом болон УЕФА-гийн Супер цомын тэмцээнд тус бүр 2 удаа түрүүлсэн юм. Мөн УЕФА-гийн Аваргуудын лиг, Английн Супер цом, Клубүүдийн ДАШТ-ий цомыг тус бүр нэг удаа хүртээд байна.

Түүнчлэн тэрбээр Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүд энэ оны ДАШТ, 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээн болон 2023 оны Үндэстнүүдийн лигт тус тус түрүүлсэн. Ингэснээр Родри ДАШТ, Аваргуудын лигийн цом болон “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн түүхэн дэх 11 дэх хөлбөмбөгчин болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн