ЛОНДОН, 2026 оны тавдугаар сарын 10. /ТАСС/. Их Британийн боксчин Даниэл Дюбуа Дэлхийн боксын байгууллагын /WBO/ хэт хүнд жингийн дэлхийн аварга цолыг хүртлээ.
Манчестер хотноо өчигдөр болсон 12 үеийн тулааны 11 дэх үед тэрбээр эх орон нэгт Фабио Уордли-г техникийн нокаутаар ялсан байна.
Дюбуа эхний болон гуравдугаар үед нокдаунд орсон боловч бусад бүх үед илүүрхжээ. Уордли өрсөлдөгчийнхөө бүх цохилтыг тэсвэрлэж, эр зоригийн гайхамшгийг үзүүллээ. Түүний нүүр гэмтсэн эсэхийг эмч хоёр ч удаа үзсэн бөгөөд шүүгч тулааныг зогсоох санал гаргасан боловч тэрбээр үргэлжлүүлэн тулалдахаар шийдсэн байна. Эцэст нь 11 дүгээр үед Уордли хөл дээрээ арай чүү тогтож байгааг анзаарсан шүүгч тулааныг зогсоохоос аргагүйд хүрчээ.
Өнгөрсөн оны 7 дугаар сард Украины боксчин Александр Усикт тавдугаар үед нокаутаар ялагдаж Олон улсын боксын холбооны /IBF/ аваргын бүсээ алдсан Д.Дюбуа ийнхүү дахин дэлхийн аварга боллоо. Харин А.Усик 11 дүгээр сард WBO-гийн бүснээс татгалзсанаар дэлхийн үнэмлэхүй аварга цолоо алдсан юм.
Дюбуагийн хувьд, тэрбээр 2024 оны 9 дүгээр сард эх орон нэгт Энтони Жошуаг V үед хүнд цохилтоор ялснаар IBF-ийн бүсийг авсан юм. Өдгөө 28 настай тэрбээр одоогийн байдлаар 23 удаа ялж /22 удаа нокаутаар/, 3 удаа ялагдаад байна.
Харин 31 настай Уордли боксчны замналдаа анх удаа ялагдлаа. Тэрбээр 20 удаа ялж /19 удаа нокаутаар/, 1 удаа тэнцээд байсан бөгөөд өмнөх тулаанд Уордли Шинэ Зеландын боксчин Жозеф Паркерыг 11 дэх үед техникийн нокаутаар ялж, WBO-гийн түр аваргын бүсийг аваад байв.