Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 2026 оны аравдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс орон даяар эхэлж байна.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэг, эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь төрийн бодлогын зорилтын нэг юм.
Энэ хүрээнд «Алсын хараа-2050» урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, «Эрүүл, аюулгүй сургууль» арга хэмжээтэй уялдуулан Засгийн газрын 2026 оны 301 дүгээр тогтоолоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар үзлэг зохион байгуулах удирдамжийг баталж, хамтран хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн үзлэгт цэцэрлэгийн дунд бүлгийн гурван настай хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн зургаа, 11, 15 настай хүүхдийг нас, хөгжлийн онцлогт тохирсон цогц үзлэг, үнэлгээнд хамруулна.
Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл авч, таниулсан зөвшөөрөл, эрүүл мэндийн урьдчилсан асуумж бөглөнө. Эрүүл мэнд болон Боловсролын яам эцэг, эхчүүдийг асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт идэвхтэй оролцож, эмчийн зөвлөмжийг дагахыг уриалжээ.
