Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 8 //. “Чингис хаан” үндэсний музей ХБНГУ-ын Өвөг ба эртний түүхийн музейтэй хамтран ирэх 10 дугаар сард хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Берлин хотноо “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Монгол Улсын түүх, өв соёлыг гадаад улс орнуудад сурталчлан таниулах ажлын хүрээнд музейн урилгаар Герман Улсын хэвлэл мэдээллийн томоохон 12 гаруй байгууллагын сэтгүүлч, зураглаачид “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун хүлээн авч уулзан, музейн танилцуулга хийж, тэдний сонирхсон асуултад хариулж, хэд хэдэн танхимуудаар дагуулан тайлбар мэдээлэл хийв.

Уулзалтын эхэнд Чингис хааны нэрээр нэрлэсэн төрийн түүхийн манай музейн үндсэн гол үзмэрүүд нь археологийн олдвороос бүрдсэн. Хэдий байгуулагдаад удаагүй ч гурван жилийн хугацаанд Монголын түүхийг гадаад орнуудад зөв сурталчлан таниулах зорилгоор Европийн таван улсад олон улсын үзэсгэлэнг дэлгэн үзүүлээд байна. Ирэх арван сард Берлин хотод дэлгэх үзэсгэлэн 20 жилийн дараа гарч байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн нандин үзмэрүүдийг дэлгэж манай улсын археологийн салбар дэлхийн аль түвшинд явж байгааг харуулах зорилготой гэдгийг академич С.Чулуун онцлон дурдлаа.
Эдгээр хэвлэл мэдээллийн төлөөлөл ирэх 10 дугаар сард Берлин хотод нээх үзэсгэлэнгийн урьтал болгон монголын түүх, соёлын сурталчилгааг хийх талаар “Чингис хаан” үндэсний музей мэдээлэв.
