2026-02-28 16:10
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп цэргийн ажиллагаа дууссаны дараа Ираны иргэдийг өөрсдийн засгийн газрыг гартаа авахыг уриалсан видео мэдэгдэл хийлээ.
ВИДЕО:
President Donald J. Trump on the United States military combat operations in Iran: pic.twitter.com/LimJmpLkgZ
— The White House (@WhiteHouse) February 28, 2026
Тэрээр, “Бид ажлаа дуусгасны дараа та бүхэн засгийн газраа гартаа ав. Тэр эрх та бүхнийх байх болно. Энэ нь магадгүй үе үеийн турш тохиох цорын ганц боломж байж мэднэ” хэмээн мэдэгджээ.
Д.Трамп АНУ-ын өмнөх ерөнхийлөгчид хэрэгжүүлж зүрхлээгүй алхмыг өөрөө хийж байна гэж онцолж, “Олон жилийн турш та бүхэн Америкийн тусламжийг хүссэн ч авч чадаагүй. Өмнөх ерөнхийлөгчдийн хэн нь ч миний өнөө орой хийх гэж буйг хийхэд бэлэн байгаагүй. Харин одоо та бүхний хүссэн зүйлийг өгч буй ерөнхийлөгч байна. Тиймээс та бүхэн хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харъя” гэжээ.
Мөн тэрээр “Америк улс та бүхнийг асар их хүч чадал, шийдвэрлэх нөлөөгөөр дэмжиж байна. Одоо хувь заяагаа гартаа авч, ойрхон байгаа хөгжил цэцэглэл, гэрэлт ирээдүйг бодит болгох цаг ирлээ” хэмээн хэлсэн байна. Уг мэдэгдлийн төгсгөлд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Одоо бол үйлдэл хийх мөч. Энэ боломжийг бүү алд” хэмээн уриалжээ.
Эх сурвалж: CNN
2026-02-28 15:17
Ираны төрийн өмчит 24 цагийн мэдээллийн суваг IRINN өнөөдөр /2026.02.28/ Тегеран хотод цохилт өгсөн тухай мэдээллийг баталжээ. Энэ нь Израиль “урьдчилан сэргийлэх” цохилт хийсэн хэмээн мэдэгдсэний дараахан болсон байна.
Тус суваг богино хугацаанд дууны саатал гаргасан ч удалгүй нэвтрүүлгээ сэргээж, нийслэлийн зарим хэсэгт утаа хөөрч, дэлбэрэлтийн чимээ сонсогдсон талаар мэдээлжээ. Үүний дараа IRINN суваг урьдчилан бичигдсэн бичлэгүүдийг цацаж, засгийн газрыг дэмжигчдийн жагсаал, арга хэмжээний дүрсийг хөгжмийн хамт үзүүлсэн байна. Мөн Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменейн “дайснуудын эсрэг эв нэгдэлтэй байх”-ыг уриалсан өмнөх мэдэгдлүүдийг архивын бичлэгээс хүргэжээ. Суваг цаашлаад гадаадын оролцоог эсэргүүцэж буй Исламын Бүгд Найрамдах Улсыг дэмжигч иргэдтэй хийсэн ярилцлагуудыг нэвтрүүлсэн байна.
Эх сурвалж: BBC
2026-02-28 15:05
Израиль улс “Израиль руу чиглэсэн заналхийллийг арилгах” зорилгоор Ираны эсрэг урьдчилан сэргийлэх цохилт өгсөн талаар тус улсын Батлан хамгаалах яам Бямба гараг /2026.02.28/-ийн өглөө мэдэгдсэн.
Үүний дараа Ираны нийслэл Тегеран хотод дэлбэрэлтүүд болсон талаар мэдээллүүд гарч эхэллээ. Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр хотын төв хэсэгт гурван удаагийн дэлбэрэлт сонсогдсон байна. BBC агентлаг Тегеран хотын Жомхури талбай болон Хассан Абад талбайн орчимд утаа гарч буй анхны зургуудыг хүлээн авснаа нийтэлжээ. Нөхцөл байдал үргэлжлэн өрнөж байгаа бөгөөд албан ёсны нэмэлт мэдээлэл хараахан гараагүй байна.
Эх сурвалж: BBC

2026-02-28 14:51
Израиль улс “Израиль руу чиглэсэн заналхийллийг арилгах” зорилгоор Ираны эсрэг урьдчилан сэргийлэх цохилт өгсөн талаар тус улсын Батлан хамгаалах яам Бямба гараг /2026.02.28/-ийн өглөө мэдэгдсэн талаар Олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Мөн мэдэгдэлд дурдсанаар, “Израиль руу пуужингийн довтолгоо хийх эрсдэлтэй гэж үзсэн тул иргэдийг болзошгүй халдлагад бэлтгэх үүднээс орон даяар аюулын дохио ажиллуулсан байна.”
ВИДЕО:
⭕ LIVE: Israel has launched attacks against Iran, as multiple explosions have been heard in Iran’s capital, Tehran. https://t.co/5zh1RWQ2qo
— Al Jazeera English (@AJEnglish) February 28, 2026
Сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хамгийн сүүлийн шатны хэлэлцээний дараа Тегеранд “сэтгэл хангалуун бус” байгаагаа илэрхийлсэн ч цэргийн ажиллагаа явуулах эсэхээ хараахан шийдээгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Тэрээр, “тэд бидний хүсэж буй зүйлийг өгөхөд бэлэн биш байна. Тиймээс би сэтгэл хангалуун биш байна” хэмээн Пүрэв гараг /2026.02.26/-т Женевт болсон хэлэлцээний талаар анхны тайлбараа өгсөн юм. Улмаар тэрээр Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хүсэхгүй байгаагаа онцолсон ч “зарим тохиолдолд тийм алхам хийхээс өөр аргагүй болдог” гэж нэмж хэлсэн байдаг.