, 2026 оны наймдугаар сарын 28 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) энэ сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж, өнөөдөр хаалтаа хийх гэж байна.
Үүнтэй холбогдуулж Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар энэ удаагийн бага хурлын үр дүнг тодорхойлж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг эхний мэдээллийг хийв. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд хэлэхдээ, Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулж, олон улсын хамтын нийгэмлэг, олон улсад эх орныхоо нэр хүндийг хамгаалсан нь ихээхэн чухал үйл явдал боллоо. Үүний дотор Ази тивдээ тус бага хурлыг анх удаагаа зохион байгуулсан улс орноор тооцогдож буйг онцоллоо.
Бага хурлын төлөөлөгчид 34 шийдвэрийг зөвшилцөн баталсан. Үүнд, Алжир Улсын санаачилсан Монгол Улсын Засгийн газар ба ард түмэнд талархал илэрхийлэх тухай тогтоол, Монгол Улсын санаачилсан “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” Улаанбаатарын тунхаглалыг санал нэгтэйгээр баталсан. Мөн агуулгын чанартай 14 шийдвэрийг гаргаж, бага хурлыг даргалагч улсын хувьд холбогдох талууд болон конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтарч ажиллах анд нөхдийн бүлэг болон албан бус ажлын хэсэг байгуулахаар болсныгщг сайд Б.Батцэцэг тэмдэглэлээ.
Үүний зэрэгцээ бага хурлын хүрээнд болсон өндөр түвшний бусад арга хэмжээний баримт бичгүүдийг баталж, дөрвөн асуудлыг СОР18 бага хурлын хэлэлцэх асуудлын товд шилжүүлсэн. Өнгөрсөн өдрүүдэд талуудын зөвшилцлийг бий болгох, маргаантай буюу санал зөрөлдөөнтэй асуудлыг зохицуулах, эсрэг байр суурьтай байгаа асуудлуудад дундын шийдэл олох, тохирсон хувилбарыг санал болгосны зэрэгцээ улс орнуудтай хийх яриа хэлэлцээг тасралтгүй хангаж ажилласан гэдгийг тэрбээр хэлсэн юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед мэдээлэлдээ, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийллээ.
Тэрбээр цааш ярихдаа, “Өнгөрсөн өдрүүдэд бид өөрсдийн тэргүүлэх чиглэлээр ярилцаж, дуу хоолойгоо өргөлөө. Энэ удаагийн СОР хэрэгжилтийг хангасан СОР байх болно гэж бид эхнээсээ ярьсан. Тиймээс талууд сайтар хамтарч ажилласан тул бид зөвшилцөлд хүрч чадлаа. Ингэснээр бид урагшлах боломжтой болсон гэсэн үг. СОР нь бэлчээрийн санаачилгыг онцолж буй. Энэхүү санаачилга болон бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд санхүүжилтгүйгээр хийх аргагүй” хэмээлээ.
Үүний зэрэгцээ энэ жил “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” тохиож байгааг тодотгоод, СОР17 бага хуралд олон улс орны малчид хүрэлцэн ирж оролцсон нь гайхалтай үйл явцын эхлэл боллоо хэмээн цохон тэмдэглэсэн юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, “СОР17 бага хурлын бодлогын өв болох Тал хээрийн төлөвлөгөөг талууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар дэмжүүлсэн нь хурлын хамгийн чухал үр дүнгийн нэг гэж үзэж байна. Тус бага хурал зөвхөн санхүүжилтээс гадна төр хувийн хэвшил, олон улсын байгууллага болон санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ахиц гаргалаа. Цөлжилтийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад санхүүжүүлэгч байгууллагуудын зүгээс дэмжлэг үзүүлэхээ амалж, гэрээ хэлэлцээрүүдийг байгууллаа. Тухайлбал, газрын доройтлыг тэглэж, цөлжилттэй тэмцэхэд Монгол Улсад 5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээ хэлэлцээр, санамж бичгийг байгууллаа.
Өнгөрсөн өдрүүдэд Цэнхэр бүсэд 447, Ногоон бүсэд 756 үйл ажиллагаа боллоо. Ногоон бүсэд дотоодын 53 байгууллага гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлж, 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын боломжийг нээв. Цэнхэр болон Ногоон бүсэд нийт 110 мянга гаруй зочид төлөөлөгч зочиллоо. Улаанбаатар хотын зочид буудлуудад 14 мянган ор борлуулагдаж, 5,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шууд хөрөнгө оруулалт орсон. Хурлын талбайн хоол үйлчилгээгээр давхардсан тоогоор 87 мянган хүн үйлчлүүллээ. Энэ хугацаанд Монгол Улсад 141 мянга гаруй жуулчин ирсэн байна. Монгол Улс СОР17 бага хурлыг даргалах ирэх 2 жилийн хугацаанд олон улсын түншлэлээ бэхжүүлж, талуудын хамтын оролцоог ханган ажиллах болно” гэлээ.
СОР17 бага хурлын үйл ажиллагаа одоо үндсэн хуралдаанаар үргэлжилж байна. Тус хуралдаанаар зарим нэг асуудлыг баталгаажуулж, шийдвэрээ эцэслэснээр энэхүү хурал өндөрлөнө.