Монгол Улс, ОХУ-ын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт  Улаанбаатарт энэ сарын 14-15-нд болж байна.

Энэ үеэр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн улс орнууд хооронд байгуулсан худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг зохион байгууллаа. Хуралдааныг Монголын талаас ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр, ЕАЭЗХ-ны талаас Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд Андрей Слепнев даргалж, хэлэлцээрийн талаар ярилцаж, хамтарсан хорооны ажиллах журмыг батлан, бараа худалдаа, гаалийн хамтын ажиллагааны дэд хороод, техникийн зохицуулалт, ариун цэвэр, ургамлын эрүүл ахуйн асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Монголын тал экспортын зах зээлд гарах SPS шаардлага, гаалийн үйл ажиллагаа, гарал үүслийг баталгаажуулах, худалдааны техникийн саадыг багасгах, ЕАЭЗХ-ны зах зээлд Монголын экспортлогч аж ахуйн нэгжүүдийг худалдан авагч, бизнесийн түншүүдтэй холбох санал гаргажээ. 

Талууд 2027 онд Монгол Улсаас ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад нийлүүлэх махны урьдчилсан хэмжээг тодорхойлж, техникийн саадыг арилгах чиглэлээр зөвлөлдөх ажлыг эхлүүлэхээр тохиролцсон байна. Мөн гаалийн дамжин өнгөрүүлэх тээвэр, Гаалийн нэгдсэн транзит систем байгуулах саналын тухай мэдээлэл солилцжээ. Талууд Барааны худалдааны дэд хорооны анхдугаар хуралдааныг энэ оны эцэс хүртэл, сайд нарын түвшний дараагийн уулзалтыг 2027 оны эхний улиралд зохион байгуулахаар төлөвлөлөө.

Чуулга уулзалтаар хамтарсан хорооны үйл ажиллагааг хангахтай холбоотой асуудал, хамтарсан хорооны дүрэм батлах, дэд хороо, ажлын хэсэг байгуулах, зах зээлд нэвтрэх тухай, хамтарсан замын зураглалыг хэрэгжүүлэх зэргийг хэлэлцэх юм. Чуулга уулзалтанд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Л.Оверчук, Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд В.Е.Ильичев, Тээврийн орлогч сайд бөгөөд төрийн бичгийн дарга Д.С.Зверев нар хүрэлцэн ирснээс гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов, Бүгд Найрамдах Армени, Беларусь, Казахстан, Киргиз Улсын төлөөлөл оролцож байна. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн