, 2026 оны есдүгээр сарын 10Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд өнөөдөр бараалхав. Энэ үеэр хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бодит агуулгаар баяжуулж, практик үр дүнд хүргэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй гэдэгт санал нэгдэв.
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Парламентын удирдлагуудын харилцан айлчлал, Байнгын хороодын хамтын ажиллагаа, парламентын бүлгүүдийн тогтмол уулзалт, хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцох зэрэг олон түвшний харилцааг идэвхжүүлэх нь улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр бодит үр дүн гаргах боломжуудыг хамтран судлах шаардлагатайг гэж байлаа. Түүнчлэн уулзалтаар талууд хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа Монгол Улсаас Вьетнам Улс руу мах, махан бүтээгдэхүүн бус арьс, шир зэрэг малын түүхий эд экспортлох боломжийн талаар санал солилцов.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман энэхүү уулзалтын үеэр хөндсөн асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. Уулзалтад Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Идэрбат, М.Ганхүлэг, Ж.Баясгалан болон албаны бусад төлөөлөл оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
